
Хаврын улирал болж байгаатай холбоотой сургуулиудын хонхны баярууд эхэлдэг. Тэгвэл энэ үеэр архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй хэргүүд өсдөг. Тиймээс цагдаа нар шалгалт явуулж, нэлээн шаргуу ажилладаг. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулахад “Хоёр жилийн өмнөөс эхлээд Монголын оюутны холбоо оюутнуудыгаа төгсөлтийн баяраа архигүй тэмдэглэхийг уриалдаг болсон. Тиймээс ч төгсөлтийн хонхны баяраар архи хэрэглэх нь буурах хандлагатай байгаа. Харин аж ахуй нэгж байгууллагууд өнгөрсөн жил 21 нас хүрээгүй залууст архи согтууруулах ундаа худалдаалсан, ялангуяа ахлах сургуулиа төгсөж байгаа анги хамт олны захиалгыг авч архиар үйлчилж байсан зөрчлүүд илэрсэн. Тиймээс энэ жил ч шалгалт явагдана. 21-ээс доош насны хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглодог. Тиймээс үйлчилгээний байгууллагууд төгсөлтийн хонхны баярын захиалга авч байгаа тохиолдолд архигүй үйлчлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/