Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангуудын орчин нөхцөл, үйлчилгээ, сан хөмрөгийн бүртгэл зэрэг нь ямар нэгдсэн зохицуулалтгүй явж ирсэн юм.
Нөгөөтэйгүүр, номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдсанаар төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй болж, шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд хүндрэл тулгарч байна. Дээрх шалтгааны улмаас 1990 онд Монголд 400 гаруй нийтийн номын сан байсан бол 2000 онд 181 болтол буурч байв. Иймд Засгийн газраас Номын сангийн тухай бие даасан хууль гаргаж, нэгдсэн зохицуулалт хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар тус төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь манай улсын хувьд номын сангийн чиглэлээр гарах анхдагч хууль юм. Харин дэлхий дахинаа ихэнх улс орон номын сангийн тухай тусгайлсан хуультай болжээ. Учир нь ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддаг юм. Номын сангийн тухай хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Хууль батлагдвал номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж ССАЖЯ үзэж байна.