Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа 4 сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсэн нь багагүй шуугиан тариад байгаа. Энэ гүйлгээг "Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой гэх асуудал хэвлэлээр гарч байгаатай холбогдуулан "Алтан Дорнод Монгол" компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл өчигдөр мэдээлэл хийсэн. Харин үдээс хойш “Алтан дорнод Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан гэх Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар мэдээлэл хийж, авлигын асуудалтай холбоогүй гэж тайлбарлалаа. Тухайн үед буюу 2011 онд "Алтан Дорнод Монгол" компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан, өдгөө Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Ч.Бямбаагийн хэлж буйгаар " Тухайн үед С.В.Паушок “Монголын Засгийн газартай учраа олж чадахгүй байна. Тиймээс компаниа заръя” гэсэн. Хэрэв төлбөрийн нөхцөл тохирвол компанийн өр, бусад бүх активын хамт зарна гэсэн. Ингээд би танилуудтайгаа ярилцаад “Ажиллаж болох юм байна гэдэг үүднээс 2011 оны тавдугаар сарын 3-нд 23 сая ам.долларын гэрээ хийж, төлбөрийн нөхцлөө тохирсон байдаг. Төлбөрийн нөхцөлөөр эхний ээлжинд 2 сая ам.долларыг маш хурдан шилжүүлэх үүрэг авсан. Үүнийг олохын тулд Голомт банкнаас зээлийн гэрээ хийж, 2 сая доллар авсан. Үүнийгээ шууд С.В.Паушокт өгсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас намайг өрөө гүйцэд төлөхгүй бол компанийг ажиллуулахгүй гэсэн. Татварын албатай гурван жилийн хугацаанд нийтдээ 150-аад тэрбум төгрөгөө төлье гэтэл “хуулиараа 75 хоног л байдаг” гэсэн. Дээр нь улстөрийн хувьд асуудал үүссэн. Бүх юм зогсонги байдалтай байж байтал “Голомт” банкнаас зээлээ төлөхийг шаардсан. Би байдал хүнд болсныг “Голомт” банкинд хэлтэл “Алтан Дорнод Монгол”-ыг сонирхож байгаа өөр компаниуд байна гэсэн. Ингээд Т.Ганболд орж ирээд С.В.Паушоктой гэрээ хийгээд цааш нь авч явсан. Улмаар 2011.11.16-ны өдөр хийгдсэн гүйлгээний хуулган дээр байгаа 2 сая доллар бол миний С.В.Паушокт төлсөн мөнгийг Т.Ганболдын компани буцаагаад төлсөн баримт юм. Энэ төлбөрийг өөр зүйлтэй холбож, үүний цаана авлига байна гэж ярьж байгаад гайхаж байна. Энэ бол цэвэр бизнесийн зарчмаар хоёр компанийн хооронд өрнөсөн үйл явц. Би 2011 оны тавдугаар сарын 11-нд Голомт банкнаас зээл аваад шууд С.В.Паушокт хоёр сая ам.доллар шилжүүлсэн. Ахиад 2011 оны 11.26-нд 2 сая доллар нь буцаад нөгөө компани руу орж ирээд Голомт банктай зээлээ суутгаад авсан. Ийм л зүйл болсон. Би Д.Баясгалан захирлаас харилцагчийн мэдээлэл яагаад хамаагүй задраад байгаа талаар асууж, энэ талаар тайлбар өгөхийг хүссэн юм" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (3)