Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 хэм, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. Ирэх долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар цас орж, цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байна.Мөн ирэх долоо хоногоос ихэнхи нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар цас, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.
























































