Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна хэмээх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар арилжааны банкуудыг шүүхэд өгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл банкууд шүүх хурлыг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн талаар ШӨХТГ-аас мэдээлээ. Тодруулбал, анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 20-ны өдөр болох ёстой байтал өнөө хүртэл болохгүй байгаа аж. Энэ талаар О.Магнай “Иргэн, аж ахуй нэгж банкнаас зээл авахад нэг хувийн шимтгэл гэж авдаг. Үүнийг арилжааны банкны нөхдүүд үйл ажиллагааны зардал хэмээн тайлбардаг. Харин зээл авсан хувь иргэн, аж ахуй нэгж банкинд нэг хувиа хураалгасан хэрнээ хураалгасан хувийнхаа хүүг 20, 10 жилийн хугацаатай төлдөг. Би хувьдаа нэг тэрбум, хоёр тэрбумын зээл гаргах үйл ажиллагааны зөрүү их байхгүй гэж харсан. Манай ажилчид ч тийм судалгаа олж гаргаагүй. Энэ бүхнийгээ өөрчил гэж арилжааны нэр бүхий 13 банкинд шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь эдгээр нөхдүүд өнөөдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулж байна. Учир нь банкууд зохион байгуулалттайгаар шүүгч нартай нэг тал болоод байнга хойшлуулж байна. 10 сарын 20, 10 сарын 29, 12 сарын 9 хүртэл шүүх хурал хойшилсон. Ингэж хойшилсоор 12 сарын 24-нд болох болохгүй нь тодорхойгүй байж байна” гэв.Хэрвээ ШӨХТГ-ын талд шүүхийн шийдвэр гарвал өнгөрсөн хугацаанд нэг хувийн шимтгэл болгож авсан тэр мөнгөө арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид буцааж өгөх юм. Арилжааны банкууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдэд зээл олгоод түүнээсээ шимтгэл авсан байдаг. Энэ бол хэдэн их наяд төгрөгөөр яригдах асуудал гэдгийг ШӨХТГ-ын О.Магнай дарга онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (4)