“Улс төрд шинэ манлайлагч” шилдэг оролцогчдын нэг Б.Мягмардорж ШУТИС-д уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж буй V ангийн оюутан. Монгол ардын бүжиг, Латин, Америк бүжгээр хичээллэдэг. Төслийн хамгийн залуу оролцогч.-“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд яагаад оролцохоор болов?
-Би дотороо сайн үйлсийн аянг санаачлан зохион байгуулах хүсэлтэй явдаг. Тэгээд UBS телевизээр төслийн мэдээлэл цацагдаж эхлэхэд үүгээр дамжуулан хүслээ биелүүлэх боломж байна гэж ойлгосон. За тэгээд шат шатны шагнал залуусын боловсрол хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэгдсэн нь маш их анхаарал татсан. Товчхон хэлэхэд зорилгодоо хүрэх оночтой зам гэж харсан.
-Төслийн шилдэг оролцогч залуустай хамтдаа сурч боловсорч өрсөлдөж багагүй хугацааг ардаа орхилоо. Энэ хооронд өөрийнхөө сул болон давуу талыг хэрхэн мэдрэв?
-Миний сул тал гэвэл өөрийнхөөрөө зүтгэдэггүй. Бусдыг хүндэлдэг учраас үг үйлдэл үзэл санааг нь сонсохыг хичээнэ. Харин бусад хүмүүс бол тийм биш, өөрийнхөө санааг хүнд тулгадаг яг тэрүүгээрээ бүх юман дээр ажиллаж сурсан байна. Нэг талаас энэ нь тэдний давуу тал учраас би өөрийнхөө сул тал гэж бодсон. Давуу тал гэвэл өмнө нь хандив, сайн үйлсийн аян, оюутны бослого хөдөлгөөн зэргийг зохион байгуулж удирдаж байсан. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж 30 мянган оюутнаа төлөөлөн шат шатны хүмүүстэй харилцаж явсан. Энэ бүх туршлага маань тодорхой хэмжээгээр давуу тал болон үлджээ.
-Таны бодлоор энэ оролцогчид дотроос үнэхээр манлайлагч гэж хүлээн зөвшөөрах хүн байна уу?
-Бүгдээрээ өрсөлдөгч болохоор ч тэрүү ямар нэг сул тал илүү тод анзаарагдах юм /инээв/. Эсвэл миний зан ч юмуу, мэдэхгүй ээ. Би хувьдаа А.Түвшинбаяр, Д.Бат-Өлзий, Л.Цэвээнжав зэрэг залуусыг үнэлж явдаг.
-Цаашид өөрийгөө хэд дэх шат хүртэл явна гэж бодож байна?
- Би энэ төсөлд орох уу, болих уу гэж удаан эргэлзэж байгаад хамгийн сүүлчийн шийдвэр гаргасан. Тэгээд ерөөсөө л эцсийг нь хүртэл өрсөлдөнө л гэсэн зорилготой болсон.
-Таны хамгийн сайн туслагч, зөвлөх хэн бэ?
-Ээж, аав, найз нөхөд. Найзууд маань “чи үүнд орж залуусын дуу хоолой болох хэрэгтэй ” гээд л эхнээсээ дэмжиж байсан. Миний аав бусдын толгой, төгсгөлд нь бус дунд нь яв гэж захидаг. Толгойд нь явбал ад үзэгдэнэ, төгсгөлд нь явбал зүгээр л хаягдана гэнэ. Харин ээж минь зөв байх нь хамгийн чухал гэж хэлдэг. Хүн амьтны үгээр байж болохгүй. Мөн хэтэрхий идэвх гаргаж амбийц хөөж болохгүй, буруу зөрүү зүйл ярив гэх мэтээр утсаар байнга зөвлөгө өгнө.
-Аав, ээж нь ямар мэргэжилтэй вэ?
-Ээж няглан бодогч. Монгол улсын анхны мэргэшсэн 50 нягтлан бодогчийн нэг. Төв аймгийн Цээл сумын цэцэрлэгийн ня-бо. Аав маань нярав, багийн засаг даргаар ажиллаж байсан. Харин одоо группт байдаг.
-Одоо ямар нэг сонгуульт ажил хийж байна уу?
-Үгүй. ШУТИС-ийн оюутан. Хичээл, ажлынхаа хажуугаар найзынхаа студид маркетингийн менежерээр ажилладаг.
-Speech даалгаврын гүйцэтгэлд нилээн уран бүтээлчээр хандсан байсан. Тэр студи хийсэн үү?
-Үгүй. Надад авьяаслаг найз нар бий. Тэр видеог хоёр найзтайгаа хийсэн юм. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа учраас хууль их судалсан. Төрийн тэргүүн хуульд хэсэгчилсэн болон бүрэн хэмжээгээр хориг тавих эрхтэй, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Эдгээр зүйлийг баримтлан асуудал хөндөхийг хичээсэн. Гэхдээ миний буруугаас болж видео маань шүүгчдэд дутуу хүрсэн. Гол санаагаа өгч чадаагүй, бичлэгээ сольсноос болоод.
-Төсөлд орсноор та хувь хүнийхээ хувьд олж авсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?
- Бусдыг хүндэтгэх хэрэгтэй. Тэр тусмаа үзэл бодлыг нь. Би энд ирснээр хүнд эвгүй сэтгэгдэл үлдээх үг хэлэхгүй байхыг хичээх болсон. Бид өрсөлдөгчид учир хэн нэгнийхээ дээр гарах, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө илүү тодотгох хүслээр олон алхам хийж байна. Иймэрхүү зүйлээс болж өөрийнхөө үнэт зүйлийг алдаж болохгүйг төсөл надад ухааруулсан.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Би шат шатны олон мөрөөдөлтэй. Хамгийн ахисан шатны мөрөөдөл нь Ерөнхийлөгч болох. Хүмүүс үүнийг жаахан хүүхдийн гэнэн мөрөөдөл ч гэж магадгүй. Харин ойрын анхан шатны мөрөөдөл гэвэл энэ төсөлд амжилттай оролцмоор байна.
-Бусад оролцогч нартаа хандаад юу хэлэх вэ?
-“Ухамсар гэдэг нь аливаа асуудлыг харилцагч талаасаа харах чадвар” гэж дөрвөн жилийн өмнө нэг номноос уншиж байлаа. Энэ нь бид хоёр нэг асуудлын талаар ярьж байлаа гэхэд би асуудлыг таны өнцгөөс харахыг хичээх ухамсар юм байна. Залуус маань энэ чадварыг өөртөө суулгаж аваасай гэж хүсье.
-Баярлалаа. Амжилт хүсье.
























































