Үргүй гэсэн оноштой хүмүүс үр шилжүүлэн суулгуулах болон тээгч эх хөлсөлж хүүхэдтэй болдог арга анагаах ухаанд хөгжиж байгаа билээ. Тэгвэл өдгөө энэ аргаар төрсөн 100 мянга гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаа юм байна. Харин манай улсын хувьд үр шилжүүлэн суулгуулж, үрийн зулай үнэрлэсэн 40 орчим гэр бүл байгаа аж. Мөн жилд дунджаар 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгуулж, 10 орчим эрэгтэй эр бэлгийн эсийн донор болдог байна. Гэхдээ энэ нь зөвхөн “Баянгол” эмнэлэгт үйлчлүүлсэн хүмүүсийн тоо юм.Тээгч эх хөлсөлдөг эсвэл эр, эм бэлгийн эсийн донор авдаг гэр бүлүүдийн тухайд нөхөр нь эр бэлгийн эсгүй, эхнэр нь хүүхэд тээж, төрүүлэх эрхтэн буюу (сав) умай нь ямар нэгэн шалтгааны улмаас мэс заслаар авсан, эсвэл ховор тохиолдолд төрөлхийн умайгүй юм уу умайн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй байдаг аж. Тиймээс эдгээр гэр бүлүүд өөрсдийн нөхцөл байдлаас хамааран дээрх хоёр аргын нэгийг нь сонгодог байна.
Эмэгтэйчүүдийн өөрийнх нь умайд боловсорч гүйцсэн өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлүүлж, дараа нь өөр хүнд орлуулдаг юм. Тиймээс хүүхэд жинхэнэ эцэг, эхийнхээ генийг дууриадаг байна.


















































