ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныхан Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод ажиллажээ. Тус улсын Тээврийн яаманд ажиллаж, Иргэний нисэхийн газрын захирал Зденёк Елинектэй уулзан Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулсан байна. Мөн долоон зорилтын хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцжээ. Энэ хүрээндтус улсад мэргэжилтнүүдээ бэлтгэх, БНЧУ-ын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж сургалт зохион байгуулах, туршлага авах, Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах талаар ярилцсан аж.
Түүнчлэн Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэл эхлүүлэхэд эрх зүйн таатай орчин байгаагаас гадна цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломж өргөн байгаа талаар нээлттэй санал солилцсон ба Чех болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэдсанал нэгджээ.
Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулах, ерөнхий зориулалтын нисэхийн ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /NGAP/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туршлага авч хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, агаарын навигацийн үйлчилгээг хялбаршуулах ажлын хүрээнд БНЧУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /ANS/-аас туршлага авах, сургалт зохион байгуулах, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах зэрэг зорилтуудыг тусгажээ.
Чехийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь тусдаа бие даасан статустай үйл ажиллагаагаа явуулдаг ба агаарын навигацийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын хэрэглэгчдэд үзүүлдэг аж. Тус улсын Агаарын навигацийн институт нь Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын харьяа бөгөөд нислэгийн удирдагч бэлдэхээс гадна хэд хэдэн агаарын хөлгийн маягын зэрэглэл буюу “TYPE RATING”–ийн сургалтад гадаад, дотоодын нисгэгчдийг бэлтгэдэг байна.
Б.Лхам