Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал эхэлж байна. Хурлын эхэнд хурлын дарга, орлогчдыг томилон, мандатын комиссыг байгуулахаар санал хураалт явуулж байна. Хурлын даргаар Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар нэр дэвшээд байгаа юм.
Хурал даргалах хүнд санал болгохоор үг хэлсэн гишүүд намын дотоод асуудалтай холбоотой санал шүүмж хэлж эхэлсэн тул УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Намын хурал эхэлж байдаг. Урилгын хүмүүс байна. Хэвлэл мэдээллийнхэн байна. Шууд ажил руугаа орчих юм уу. Эхлээд мандатын болон тооллогын комиссоо байгуулчихаад асуудалдаа оръё. Дүүргүүдээс төлөөлөл байгаа тул дүүргийн намын хорооны дарга нар хүмүүсээ таньдаг тул харж байгаад саналаа хэлье. Эхлээд даргаа сонгоё гэв.
Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хурлын дарга дээр өрсөлддөг тохиолдол анх болж байна. Би олон хуралд орж байсан. Мандатын комисс, хяналтын хороо саналаа тоолог. Зохион байгуулалтдаа оръё. Хурал чинь эхлээгүй байна шүү дээ" гэсэн юм. Ингээд нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны дарга С.Мөнхчулуун индэрт гарч санал хураалт явуулав.
Яг одоогоор МАН-ын Бага хурлын ирцийн мэдээгээр 330 төлөөлөгч ирснээс 173 төлөөлөгч Г.Мөнхбаярыг хурал даргалагчаар сонгохоор санал өгчээ. Хурлын дэд даргаар төлөөлөгч А.Цогцэцэг ганцаар нэр дэвшсэн тул шууд сонгогдохоор боллоо хэмээн Хяналтын хорооны дарга мэдэгдлээ. Ингээд төлөөлөгч Г.Мөнхбаяр Бага хурлыг даргалахаар болж Бага хурлыг эхлүүлж байна.
Сэтгэгдэл (4)