Тус судалгааг Монгол улсад анх удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан, Фридрик Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр хараат бус судлаачид хийж гүйцэтгэжээ. Цахим орчин дахь сэтгүүл зүйн бүтээлүүд болон уншигчдын сэтгэгдлийн хэсэгт агуулагдаж буй үзэн ядалтын үг хэллэгийн өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тус агуулгын судалгааг хийсэн байна. Хараат бус мэргэжлийн судлаачид нь цахим орчинд нийтэлсэн, түгээсэн, хуваалцсан бүхий л мэдээллээс түлхүүр үгээр хайлт хийх замаар анхдагч мэдээллийг бүрдүүлжээ.
Ингэхдээ мэдээллийн 43 сайтыг сонгож, 2017 оны долоодугаар сараас эхлэн 2018 оны долоодугаар сарын 28-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацааг хамруулсан байна. Судалгааны үр дүнгээс харахад цахим орчинд сэтгүүлчийн бүтээлээс илүү сэтгэгдлийн хэсэгт үзэн ядалтын үг хэллэг, доромж үг зонхилж байна.
Тодруулбал, үзэн ядалтын үг хэллэгийн 30 хувийг сэтгүүлч бүтээлдээ бичсэн бол 70 хувийг уншигчид сэтгэгдлийн хэсэгт үлдээсэн байна “Хэвлэл мэдээллийн бодлого” цуврал хэлэлцүүлэг нь есдүгээр сарын 21-ний өдөр дээрх судалгааны хүрээнд өрнөсөн бөгөөд салбарын судлаачид, удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.