“Halloween” гэх сүнсний баярыг манай улсад тэмдэглэн өнгөрүүлэх нь хэвшмэл болжээ. Ялангуяа хүүхэд, залуусын дунд өргөн цар хүрээгээр тэмдэглэх аж. Энэ хүрээнд өнгөрсөн пүрэв гариг буюу аравдугаар сарын 31-ний өдрийг дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Энэхүү баярын үүсэл нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлдэг байжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай бөгөөд бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэг байна.
Дээр дурдсанчлан энэ баяр нь шашны зан үйлтэй нягт холбогддог тул бидний сэтгэлгээтэй харш гэхэд болохоор. Учир нь буддын шашны номлолоор тахил өргөх нь байтугай амьтны хамраас ч цус гаргахыг цээрлэдэг. Гэтэл томчууд нь өөрсдөө тэмдэглэ гээд үлгэрлээд байхад багачууд нь даган дуурайхаас өөр яахав.
Угтаа бол бид сүнсний тухай бодох нь бүү хэл цээрлэж явдаг соёл, сэтгэхүйтэй, ёс жудагтай ард түмэн. Гэвч энэ зан заншил зах зухаасаа соёлын нөлөөгөөр уусан сарниад байх шиг.
Өнөөдөр дэлхий нийтэд соёлын довтолгоо, даяаршил хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед бидэнд тулгарч буй гол асуудал нь түүх, өв уламжлалаа хадгалан үлдээх, өвлүүлэх болон хэлний ариун дагшин байдал, дархлаа болоод буй юм. Учир нь гуравхан сая хүн амтай улсын хэл нь мөхөхөд хамгийн хялбархан байдаг талаар судлаачид ярьж байгаа. Дэлхийн устах магадлалтай хэлний тоонд ордгийг эрдэмтэн, мэргэд цаг ямагт анхааруулсаар буй.
Япон улс гэхэд л хүүхдийг бага ангиас нь эхлэн Япон хүн гэж ямар байх ёстойг заан сургаж, эх оронч сэтгэлгээг суулгаж өгдөг байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ багаас нь гадаад хэлээр нүдэж байх жишээтэй.
Уг нь БСШУСЯ-аас тус баярыг ЕБС-иудад тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргасан нь хангалтгүй шийдвэр байв. Нэгэнт л хориглосных үйлчилгээний газруудад ийм баяр хийхийг нь ч хориглох ёстой. Сайд аа, хүүхүүдийнхээ соёл, сэтгэлгээ, Монгол хүн болж төлөвшихөд нь анхаарч, шаардлагагүй баярыг нь халмаар байна.
Ер нь манай улсад баяр наадам шиг илүүдсэн юм алга. Хэрэгтэй хэрэггүй энэ мэт баярыг алгасах цаг нь болсон. Сүнс байтугай нэрийг нь хэлэхээс ч цээрлэдэг уламжлалаа даган “Halloween” гэх муу ёрын баярыг үндсээр нь хориглоё.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)