Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байгаа учраас Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад аван ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээллийг нууцалж, нэгдсэн нэг мэдээлэл өгөхийг тагнуулын байгууллагаас холбогдох байгууллагуудад үүрэг болгосныг бид мэдээлсэн. Тэгвэл олны анхааралд өртөөд буй уг үйл явдалтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 7-ны өдрийн 17.00 цагийн орчимд автомашин байрлуулсан газар цөмөрч урд талын дугуй нүх рүү орсон. Уг дуудлагын дагуу холбогдох байгууллагын алба хаагчид шалгасан. Цөмөрсөн газраас автомашиныг холдуулж, үзлэг хийсэн. Дахин цөмрөлт үүсэх эрсдэлтэй тул ойр орчмыг хамгаалалтад авсан. Үүссэн нүхний хувьд дотроо 6*8 харьцаатай зоорь маягийн зүйл байсан учраас соёлын өв байж болзошгүй гэж үзэн Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийг дуудсан. Энэ дагуу үзлэг хийж байна.
Тухайн нүх нь чулуун ханатай, моднууд нь ялзарсан байдалтай байгаагаас гадна одоогоор нэг метр орчим гүн усаар дүүрсэн байна.
Нийслэлийн мэдээллийн санд нийслэлийн нутаг дэвсгэр ийм нүхэн зоорь байдаг эсэх мэдээлэл бүртгэгдээгүй. Соёлын өвийн үндэсний байгууллагын ажилтнууд энд хоёр хоног ажиллана. Энэ хугацаанд хамгаалалтад байлгана. Ямар нэг зүйл илрээгүй тохиолдолд нүхийг бөглөх байх" гэлээ.
Сэтгэгдэл (2)