Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 14-р хороо, Өргөө кино театрын зүүн хойд талд "Дэсөн" ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайгаас хашаалж явган хүний зам нарийсгасан, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй обьект барьсан зөрчлийг арилгуулан нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 17 дугаар хороо, Баянгол Эрүүл мэндийн төв-Хүүхдийн эмнэлгийн хойд талд иргэн Ч.Норовсүрэн нь илүү талбай хашаалсан буюу нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй тоосгон хашаа барьсан зөрчлийг арилгахаар уг хашааг албадан буулгасан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 3 а байрны баруун талд иргэн Ч.Баярсайхан нь нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барьж явган хүний зам талбай хаасан зөрчлийг арилган иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 10 дугаар байрны зүүн урд талд явган хүний зам талбайг нарийсгаж зөвшөөрөлгүй барьсан гаражийг буулган нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Сандэй" худалдааны төвийн хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд "Батшоо" СӨХ нь зөвшөөрөлгүй хаалт хийж орц гарц хаасан зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн бол тус дүүргийн нэгдүгээр хороо, Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийн хойно явган хүний зам хааж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг тус тус чөлөөллөө.