"Мотив" хамтлагийн дуучин Жижигээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн газарт мөс хэрэглэн мансуурсан байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 17-нд баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Дуучин Г.Эрдэнэбаяр нь 2018 оны зургадугаар сард хар тамхи хэрэглэсэн байхдаа цагдаагийнханд баригдаж, шүүхээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт зургаан сарын ял оногдуулж байсан юм. Тодруулбал, хар тамхи хэрэглэсэн үедээ автомашин барьж яваад баригдсан байдаг. Улмаар шүүхээс оногдуулсан зургаан сарын ялаа эдэлж суллагдсаны дараа хар тамхи дахин хэрэглэж байгаад баригдсан нь энэ юм.
Түүнийг одоогоор цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлсний дараа шүүхээс шийдвэрлэх ёстой.
Тэгвэл дуучин Б.Амархүү мөн адил хар тамхи хэрэглэж, мансуурсан байхдаа Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдаж, улмаар цагдан хоригдсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон. Шүүхээс яллагдагч Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдсэн юм. Үүний дараа шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлсний дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргасан юм. Ингэснээр Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргаж сулласан юм.
Ташрамд дурдахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй шалтгаан нь гэмт хэрэгт буруутгагдсан этгээдүүдэд оногдуулах ялын бодлого хэт сул байгаагаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.
Энэ утгаараа Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж буй юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (13)