"Эрдэнэс тавантолгой" ХК-иас нийт 29 компани ногдол ашиг олгохоос Мандал даатгал 2.5 тэрбум, АПУ ХК 76 тэрбум, “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна гэдгийг өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, 1.080 их наяд төгрөгөөс 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр онцлоод компанитай холбоотой гүтгэлэг ихээр тархаж байгаад тайлбар хийлээ.
Энэ талаар тэрбээр “Уурхайн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн цахим сайтаар дамжуулан худал мэдээлэл тараасан. Энэ тендер саяхан дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдаж, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж бид үзэж байна. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулна” гэлээ.
Түүнчлэн "Үүнтэй төстэй үйлдэл конвейрийн системийн ТЭЗҮ боловсруулах тендерт мөн гарсан. Иргэн н.Мөнхбаяр мөн тендер шалгаруулалт дуусаагүй, дүн гараагүй байхад сонин, телевизээр ярилцлага өгч, худал мэдээлэл цацсан. н.Мөнхбаяр гэдэг хүний "Си Ар Эм СИ" ХК тендерт оролцсон. Гэхдээ англи, монгол хэл дээр материалаа ирүүүлнэ гэж заасан байхад хятад хэл дээр материал ирүүлсэн. Мөн тухайн төслийг хариуцан ажиллах этгээд буюу БНХАУ-ын иргэн Жу Жиэн Шинийн “инженерингийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон учир Үнэлгээний хороо татгалзсан.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Тендер шалгаруулалт 2018 оны гуравдугаар сард буюу өмнөх удирдлагуудын үед болсон явдал. Тухайн үед захиалагч нэгж төсөвт өртгийг зах зээлийн үнээс өндөр тооцож, тендер зарласан. Тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үнийн дүнтэй компани шалгарсан. Энэ тендерийг компанийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Энэ автобусыг авахгүй гэж АТГ, Эрүүгийн цагдаа, шүүхэд хандсан. Харин нөгөө тал буюу "Мон тээвэр сервис" компани нэгэнт тендер зарласан бол үүргээ биелүүлж, энэ автобусыг авах ёстой гэж шүүхэд хандсан. Харамсалтай нь Улсын Дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Гэхдээ манай талаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.
Нөгөөтээгүүр, компани өөрийн хүсэлтээр хуулийн байгууллага болон ТӨБЗГ-т хандан худалдан авалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт шалгалт хийлгэж ирсэн. Мөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг KPMG, Ernst&Young гэсэн нэр хүнд бүхий компаниуд аудит хийж байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэг ч ажилтанг хуулийн байгууллагад шалгаагүй" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)