УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын ээлжит хурал болж өндөрлөлөө. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн ордыг ашиглахгүй тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Эрхзүйн дүн шинжилгээ гарсан.
Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудал бол УИХ-аас тогтоол гаргах шаардлага байхгүй байна. Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлээд явах боломжтой байна.
Учир нь гэвэл өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа ашигт малтмалын хууль болон бусад хуулиар Засгийн газар энэ овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн. Ачит эх, Зэс эрдэнэ гээд компаниуд овоолго ашиглаж байгаа юм билээ. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч явсан. Тиймээс учраас Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой учир УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.
Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийн асуудлыг хэлэлцсэн. Боловсролын таван хууль УИХ-д өргөн баригдсан. Ажлын хэсэг гараад явж байгаа. Дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж нэг ажлын хэсэгтэй болгож байгаа. Мөн энэ хуулийн төслийг яаравчлах хэрэгтэй байна гэж үзсэн. Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Мөн Судалгааны их сургууль гэдгийг их дээд сургуулийн хуультай нэгтгэх зэрэг бусад хэд хэдэн асуудлын ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Намрын чуулганаар Боловсролын ерөнхий хуулиуд болон дагасан хуулиудыг хэлэлцэж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэв.
Д.Батчулуун