Чингэлтэй дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Энэ онд улс, нийслэл, дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Нэгдсэн эмнэлэг, жишиг 19 өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрууд бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэх юм. Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барихаар төлөвлөжээ.