Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хи тансаг цүнх бэлгэнд авсан гэх маргаан түүний эрх баригч Ардын хүчний намыг (PPP) эмх замбараагүй байдалд оруулав. Өнгөрсөн оны сүүлээр цацагдсан тагнуулын камерын бичлэгт нэгэн сүмийн пастор түүнд "Dior" брэндийн цүнх бэлэглэж буйг харуулжээ.
Зарим шинжээчид энэ дуулиан нь ерөнхийлөгч Юн Сук Ёолын намыг дөрөвдүгээр сард болох сонгуульд унагаж магадгүй хэмээн үзэж байна. Сонгогчид Юнээс тайлбар авахыг хүсч байгаа бол сөрөг хүчнийхэн энэ асуудлыг ашиглан түүн рүү халдаж байгааг санал асуулга харуулж байна.
YouTube сувгийн "Voice of Seoul" сувгаар нийтэлсэн уг бичлэгийг пастор Чой Жэ Ён бугуйн цагандаа суулгасан камер ашиглан нууцаар бичсэн гэж мэдээлж байна.
Бичлэгт пастор Чой 3 сая вон 2,200 ам.доллар үнэтэй саарал хөх өнгийн тугалын арьсан цүнх худалдаж авахаар дэлгүүр лүү алхаж байгааг харуулжээ. Дараа нь Чой тэргүүн хатагтайн эзэмшдэг Сөүл дэх "Кована Контентс" компанид зочилж, Ким пастороос "Яагаад надад эдгээр зүйлийг байнга авчирдаг юм бэ?" гэж хэлж буйг бичжээ.
Уг цүнхийг 2022 оны есдүгээр сард тэргүүн хатагтайд өгсөн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй. Бичлэгт тэргүүн хатагтай Ким бэлгийг хүлээн авч буйг тодорхой харуулаагүй ч "Korea Herald" сонинд Ерөнхийлөгчийн тамгын газар уг цүнхийг хүлээн авсныг баталж, "Засгийн газрын өмч болгон хадгалж байна" гэж мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)