
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн од, Стефен Карри шинэ ивээн тэтгэгчээ албан ёсоор зарлаж, Хятадын спорт хувцасны томоохон үйлдвэрлэгч Li-Ning брэндтэй урт хугацааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь түүний олон жил үргэлжилсэн өмнөх түншлэл дууссаны дараах хамгийн том бизнесийн алхам гэж спортын салбарынхан үзэж байна.
Стефен Карри энэ тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж, шинэ түншлэлээ “амьдралын хамгийн онцгой хамтын ажиллагаа” хэмээн тодорхойлжээ. Түүний үүсгэн байгуулсан "Curry" брэнд цаашид "Li-Ning"-тэй хамтран зөвхөн сагсан бөмбөгийн пүүз бус, хувцас, өдөр тутмын lifestyle бүтээгдэхүүн болон гольфын шугам хөгжүүлэхээр болсон байна.
Li-Ning нь олимпын аварга гимнаст Ли Нингийн байгуулсан брэнд бөгөөд Ази даяар 7600 гаруй худалдааны цэгтэй Хятадын хамгийн нөлөө бүхий спортын компаниудын нэг юм. Стефен Карри тус брэндийн өсөлт, тамирчны нэрээр амжилттай компани байгуулсан туршлагыг өндрөөр үнэлдгээ онцолжээ.
Америкийн спортын хэвлэлүүдийн мэдээлснээр, гэрээ 10 жилийн хугацаатай байх магадлалтай бөгөөд Көрри өөрийн брэндийн хүрээнд шинэ тамирчидтай хамтран ажиллах эрхтэй болсон байна.
Тэрбээр өнгөрсөн онд өмнөх түнштэйгээ 12 жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа дуусгаснаас хойш “чөлөөт агент” болсон бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн брэндийн бүтээгдэхүүн туршиж байсан юм. Түүний өмнөх гол түнш нь Америкийн спорт хувцас, пүүзний компани болох Under Armour байсан. Тэр 2013 онд тус компанитай гэрээ байгуулж, 12 жил хамтран ажилласан юм.
Л.Баяр

























































