
АНУ-ын Батлан хамгаалах яам Ирантай хийж буй дайнд амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийн тоон мэдээллээ шинэчилсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, Пентагоны ил тод байдалд эргэлзээ төрүүлээд байна.
Пентагоны албан ёсны хохирлын бүртгэлд өмнө нь Ираны дайнтай холбоотойгоор 18 америк цэрэг амиа алдаж, 482 хүн шархадсан гэж мэдээлж байсан. Харин шинэчилсэн мэдээллээр Ираны дайны хохирлыг 14 нас баралт, 420 шархадсан хүн болгон бууруулжээ. Дөрвөн цэргийн нас баралт болон 200 гаруй шархадсан алба хаагчийг шинээр бий болгосон “Хилийн чанад дахь ажиллагаа” гэсэн ангилалд шилжүүлсэн байна.
Пентагон энэ өөрчлөлтийг мэдээллийн системд гарсан “тасалдал”-тай холбон тайлбарласан ч яагаад өмнө нь Ираны дайнтай холбоотой гэж бүртгэгдсэн хохирлыг өөр ангилалд шилжүүлсэн талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. Ийнхүү албан ёсны тоо өөрчлөгдсөн нь Конгрессын гишүүд болон цэргийн алба хаагчдын ар гэрийнхний шүүмжлэлийг дагуулжээ. Тэдний үзэж буйгаар хохирлыг өөр өөр ангилалд хуваах нь дайны бодит өртгийг олон нийтээс нуух, эсвэл бууруулан харуулах эрсдэлтэй аж.
АНУ, Ираны хоорондын мөргөлдөөн хоёрдугаар сарын 28-нд эхэлснээс хойш нийт 18 америк цэрэг амь үрэгдэж, 600 гаруй хүн шархадсан гэх мэдээлэл байна. Гэвч Пентагоны шинэчилсэн бүртгэлд бүх хохирлыг нэг ангилалд багтаахаа больсон нь бодит тоог тодорхойлоход улам хүндрэл учруулж байна.
Ираны талын мэдээллээр сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд тус улсын 50 гаруй иргэн амь үрэгдсэн байна. Мөргөлдөөн бүс нутгийн хэмжээнд өргөжиж, Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны халдлага Ирак, Йордан болон Персийн булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн объектуудад чиглэсэн бол АНУ Ираны цэргийн байгууламжуудад агаараас цохилт өгчээ.
Ийнхүү дайн үргэлжлэхийн хэрээр зөвхөн цэргийн ажиллагаа бус, амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн бодит тоог хэрхэн бүртгэж, олон нийтэд мэдээлэх асуудал ч улс төрийн маргааны гол сэдэв болоод байна.
Л.Баяр




















































