
Аргентины шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн домог Лионел Месси 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодорчээ. Түүнийг Олон улсын спортын хэвлэлийн холбоо (AIPS)-ноос зохион байгуулсан санал асуулгаар дэлхийн спортын сэтгүүлчид ийнхүү нэрлэсэн байна.
Тус санал асуулгад дэлхийн 121 орны 472 спортын сэтгүүлч оролцож, ДАШТ-д оролцсон шилдэг тоглогчдыг эрэмбэлжээ. Санал хураалтын дүнд Месси 1,179 оноо авч тэргүүлсэн бол Францын Килиан Мбаппе 717, Английн Жүд Беллингэм 470 оноогоор удаалсан байна. Мөн Норвегийн Эрлинг Холанд, Испанийн Ламин Ямал нар эхний тавд багтжээ.
39 настай Месси энэ удаагийн ДАШТ-д Аргентины шигшээ багийг финалд хүргэж, тэмцээний турш найман гоол оруулсан байна. Тэрээр мэргэн буучдын жагсаалтад хоёрдугаар байрт бичигдсэн бөгөөд багийнхаа довтолгоо, тоглолтын зохион байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин Килиан Мбаппе 10 гоолтойгоор тэмцээний мэргэн бууч болсон байна.
Аргентин финалд Испанид 0:1-ээр хожигдож, дэлхийн аваргын цомоо хамгаалж чадаагүй ч Мессигийн үзүүлсэн тоглолт, багтаа үзүүлсэн нөлөөг спортын сэтгүүлчид өндрөөр үнэлсэн байна.
Ийнхүү Месси 39 насандаа дэлхийн аваргын тайзнаа дахин онцгой амжилт үзүүлж, карьерынхаа төгсгөлд ч дэлхийн шилдэг тоглогчдын нэг хэвээр байгаагаа харууллаа. Түүний хувьд энэ нь хөлбөмбөгийн замналынхаа төгсгөлийн шатанд авсан бас нэгэн нэр хүндтэй үнэлгээ болж байна.
Л.Баяр



















































