
Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA), Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC), Хойд, Төв Америк болон Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбоо (Concacaf)-ны ерөнхийлөгчид FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино огцрохыг шаардлаа. UEFA-ийн ерөнхийлөгч Александр Чеферин, AFC-ийн ерөнхийлөгч Шейх Салман бин Ибрахим Аль Халифа, Concacaf-ийн ерөнхийлөгч Виктор Монтальяни нар хамтран нээлттэй мэдэгдэл гаргаж, Инфантиногийн удирдаж байгаа арга барилыг эрс шүүмжилсэн байна.
Тэд Инфантиног FIFA-г удирдах эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөлбөмбөгийн холбоод болон байгууллагуудтай хангалттай зөвлөлдөхгүйгээр томоохон бизнесийн төлөвлөгөө хэрэгжүүлэхийг оролдсон гэж буруутгаж байгаа юм. Маргааны гол төвд Football Forward Enterprise (FFE) гэх үйл ажиллагааны төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр FIFA-ийн ДАШТ-тэй холбоотой бизнесийн эрх ашгийн тодорхой хэсгийг хувийн хөрөнгө оруулагчдад санал болгох замаар их хэмжээний хөрөнгө босгохыг зорьж байсан гэх мэдээлэл гарсан. Гэвч уг төлөвлөгөө нь ил болсон даруйдаа хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар нуран унасан гэж хэлж болно.
Холбоодын ерөнхийлөгчид мэдэгдэлдээ, Инфантиногийн үйлдлийг зүгээр нэг алдаа гэж үзэх боломжгүй, харин удирдлагын ноцтой алдаа бөгөөд FIFA-ийн гишүүн байгууллагуудтай байгуулсан итгэлцлийг эвдсэн үйлдэл гэж тодорхойлжээ. Тэдний үзэж буйгаар, FIFA-гийн ерөнхийлөгчийн албан тушаал нь хувийн эрх мэдэл, бизнесийн боломж биш бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн гэр бүлийн өмнө хүлээсэн үйлчлэх үүрэг байх ёстой аж. Мөн захидалд FIFA-ийн дотоод шалгалтад найдах бус, хөлбөмбөгийн байгууллагаас хараат бус гаднын байгууллагаар уг асуудлыг бүрэн шалгуулахыг шаардсан байна.

Хамгийн ноцтой нь гурван холбоо Инфантиног одоо огцорч, 2027 оны FIFA-ийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй байхыг шаарджээ. Инфантино дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох сонирхолтой байгаа ч түүний эсрэг хүчтэй эсэргүүцэл бий болж эхэлсэн нь энэ. Маргаан цааш даамжирвал FIFA-гийн доторх хуваагдал олон улсын тэмцээнүүдэд ч нөлөөлж болзошгүй. UEFA болон бусад холбоод FIFA-ийн зохион байгуулдаг тэмцээнүүдийг бойкотлох, цаашлаад FIFA-гаас тусдаа олон улсын тэмцээн зохион байгуулах хувилбарыг хүртэл урьдчилсан байдлаар хэлэлцэж эхэлсэн гэх мэдээлэл гарчээ.
Тухайлбал, ирэх сарын 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ДАШТ Европын багуудын оролцоогүйгээр зохион байгуулагдах эрсдэл бий болсон байна. Гэхдээ FIFA-ийн бүх тивийн холбоод Инфантиногийн эсрэг нэгдээгүй. Африкийн хөлбөмбөгийн холбоо (CAF), Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) одоогоор түүнийг дэмжиж байгаа бол AFC болон Concacaf-ийн дотор ч Инфантиног дэмжигч орнууд байгааг онцлох нь зүйн хэрэг.
Гурван холбооны удирдагчид захидлынхаа төгсгөлд хөлбөмбөгийн хүч нь нэгдэлд оршдог гэдгийг онцлоод, хөлбөмбөгийг захирах бус, хөлбөмбөгт үйлчлэх удирдлага хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Л.Баяр


















































