
“Grey Beard” хочтой Дэйл Сандерс 3,530 км урт Аппалачийн явган аяллын замыг 91 насандаа бүрэн туулж, уг замыг дуусгасан хамгийн өндөр настай хүн гэсэн рекордоо дахин тогтоолоо. АНУ-ын Теннесси мужийн иргэн Дэйл “Grey Beard” Сандерс өнгөрсөн даваа гарагт Мэйн мужийн Катахдин уулын оргилд гарснаар дэлхийн хамгийн алдартай урт зайн явган аяллын маршрутын нэг болох Аппалачийн замыг бүрэн туулж дуусгажээ.
Тэрбээр аяллынхаа үеэр нийт 71 удаа унасан бөгөөд үүний зургаа нь өөрийнх нь хэлснээр “хүнд уналт” байжээ. Нэг удаагийн уналтын дараа эмнэлэгт хүргэгдсэн бол төгсгөлд нь хүрэхээс ердөө 180 орчим метрийн өмнө дахин унасан байна. Гэсэн ч эдгээр бэрхшээл түүнийг аяллаа дуусгахад нь саад болж чадаагүй аж.
Сандерс Аппалачийн замыг анх 2017 онд 82 настайдаа туулж, хамгийн өндөр настай аялагчийн рекордыг тогтоож байжээ. Харин дөрвөн жилийн дараа түүний 83 настай найз М.Ж. Эберхарт буюу “Nimblewill Nomad” уг рекордыг шинэчилсэн байна. Үүний дараахан Сандерс рекордоо эргүүлэн авахын төлөө дахин аялна гэдгээ зарлажээ.

Тэрбээр шинэ аяллаа 2025 оны есдүгээр сарын 6-нд Баруун Виржини мужаас эхлүүлж, замын хэсгүүдийг дараалан бус, завсарлагатайгаар туулсан байна. Аппалачийн замын байгууллагын тодорхойлолтоор бүх хэсгийг нэг жилийн хугацаанд, дараалал харгалзахгүйгээр туулсан тохиолдолд бүтэн аялалд тооцдог аж.
91 настайдаа энэ замыг туулах нь 82 настайдаа туулснаас нь хавьгүй хүнд байсан гэж Сандерс ярьжээ. Зургаан сар бэлтгэл хийсэн ч аяллаа үргэлжлүүлэх үедээ биеийн байдал нь хүссэн хэмжээнд байгаагүй байна. Зургадугаар сард тэрбээр Вермонт мужийн Киллингтон уулнаас бууж явахдаа хад чулуутай хэсэгт унаж, гар, хөлөө шалбалсан ч цусаа арчихгүйгээр аяллаа үргэлжлүүлжээ. Хэдэн долоо хоногийн дараа зүүн гар нь мэдээ алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар эхэндээ харвалт байж болзошгүй гэж үзсэн ч эцэст нь мэдрэл хавчигдсан болохыг тогтоожээ.
Сандерс аяллаа дуусгасныхаа дараа Катахдин уулын оргилд түр зогсон залбирч, өөрийг нь дэмжсэн гэр бүл, найз нөхөд болон туслах багийнхандаа талархсан байна. Тэрбээр өмнө нь Миссисипи мөрнийг бүхэлд нь завиар туулж, Гранд Каньоныг насны ангиллаар рекорд тогтоон гаталж байсан туршлагатай. Харин Аппалачийн замыг дахин туулсан нь түүнд зөвхөн рекордоо эргүүлэн авах бус, бусдад урам зориг өгөх зорилго болсон гэдгийг хэлжээ. “Grey Beard” Сандерсийн аяллыг олон мянган хүн цахим орчноор дагаж, түүний нас үл хамааран зорилгодоо хүрэх гэсэн хичээл зүтгэлийг урам зоригийн жишээ хэмээн үнэлж байна.
Л.Баяр






















































