-
2017 оны 4 сарын 25
“Наадмын бөхийг” будилаантуулахын тулд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Г.Батхүү, Лу.Болд гээд өөрийнхөө “бөлдөгдсөн” хүмүүсийг тэр чигээр нь дэвшүүллээ. Харин “Женко”-гийн хувьд өөр. Тэр М.Энхболдод хадаг барин золгохдоо, “Ах аа, намайг бодоорой, төмөр зам, мам гэсэн юманд холбогдчихоод байна” гээ биз.
-
2017 оны 4 сарын 25
2008-07-01-ны сонгуулийг будлиулснаас үүссэн жагсаал цуглааныг МАН-ын дарга С.Баярын ЗГ-нь ЦЕГ-ын тусгай тасгийн албан хаагчдыг энгийн хувтас өмсгөн дунд нь оруулж үймээн болгож хувиргаад 20-иод хүн буудаж, 5 хүний амь хөнөөж, хүүхэд залуусыг олноор нь барьж, шоронд хийж байсныг уншигч та санаж байгаа бизээ.
2008-07-01-ны шөнө баривчлагдсан хүүхэд залуучуудын зармыг Дэнжийн-1000-дахь хорих газарт хорьж байжээ.
Тэр үед ЦЕГ-ын албан хаагчид уг Дэнжийн-1000-ын хаяг тогтоох газарт хоригдож байсан хүүхэд залуучуудын бороохойгоор толгой түргүй балбаж байсан гэдэг.
Мөн уух ус өгөхгүй бараг 72 цаг хорьжээ.
Энэ бол Монголчуудын хувьд эмгэнэлт цаг үе юм.
Тэр үед муу эр дайнд хөөрнө гэдгээр Цагдаа нар, Хоригдож байсан залууст хандан Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Онц байдал зарласан та нарыг бүгдийг нь буудаж алах болно гэж агсарч байсан гэдэг.
Ингээд гудамжинд явж байсан Микро-автобусуудыг дайчлан Дэнжийн-1000-ын хориход хоригдож байсан хүмүүсээс нэг Микрод 15 хүнийг гавлан чихэж үүдэнд нь 2 буутай цагдаа суулан авч явжээ.
Ингээд хэсэг хугацааны дараа микрууд хоосон буцаж ирэх бөгөөд ирсэн цагдаа нар бүгдийг нь жалганд аваачаад буудчаад ирлээ. Алив дараагийн 15-ыг нь хурдан суулга гэгчлэн зөөж байсан байна.
Энэ тухай УИХ-ын нээлттэй сонсгол дээр Дэнжийн 1000-д хоригдож байсан гэрчүүд нотлон өгүүлсэн байдаг.
Тэнд хоригдогчдын ихэнх нь 15-21-насны залуучууд байжээ. Гэтэл дунд нь 40-өөд настай нэгэн ах баригдсан байж гэнэ.
Мань ах уг нь тэр орой зүгээр л ажлаасаа тараад найзтайгаа нэг шил юм уучаад салаад гэррүүгээ алхаж байжээ.
Гэтэл тэр шөнө гай таарч Цагдаа нар бага тойргийг бүхэлд нь бүслэн хаагаад хэнийг ч гаргахгүй баривчилж байж гэнэ. Үүнд мань ах өртсөн нь тэр аж.
Нөгөө ахыг Дэнжийн 1000-д байхад нь хэргээ хүлээхгүй бол буудаж ална гэжээ. Ах амьд гарах гэж цагдаагийн хэлсэн болгоныг хүлээж гарын үсгээ зурсан гэнэ.
Ингээд ахыг гавлан хэдэн залуутай хамт Микробусанд суулган явж гэнэ. Тэр үед ах учиргүй айж, бачимдаж орлиж хашгирч байсан тул Цагдаа нар түүнийг олон удаа бороохойджээ.
Ингээд нөгөө хүмүүсийг Ганц худгийн хашааруу оруулан нэгэн камерт хорьж гэнэ.
Гэтэл ах амь гарсандаа баярлаж, уйлж байлаа гэдэг юм. ккк
Хамт хоригдож байсан залуучууд нь ИШ ах минь та яасан гэнэн хүн бэ. Гэмгүй хүнийг шүүхийн тогтоолгүй буудна гэж юу байхав.
Түрүүнээс хойш та буудаж ална гэхэд нь итгээд л сандарч хашгираад байснуу гэж гэнэ ккк.
Харин мань АХ яг болсон үйл явдлыг УИХ-ын нээлттэй сонсгол дээр хэлж, бодит байдлыг олон нийтэд хүргэсэн гавъяатай хүн юм шүү.
ккк
-
2017 оны 4 сарын 25
Оросын нэрт монголч А.М.Позднеев 1887 онд “Монгол дахь Буддын сүм хийд болон Буддын лам нар, түүний ард түмэнтэй тогтоосон холбоо харилцаа” (“Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в Монголии в связи с отношением сего последного к народу.”) хэмээх ном бичсэн юм. Энэхүү бүтээлд Монголын сүм хийд, лам нарын амьдрал, ахуй, аж байдал, зэрэг дэв, цол, зиндаа, ажил үүргийн хуваарь, шашны ёслол зэргийг бүх талаас нь тодорхойлон бичсэн байдаг. Ийм ч учраас дурдан буй бүтээл Оросын Газар зүйн нийгэмлэгийн том алтан медалийг хүртжээ. Хамгийн сонирхолтой нь уг бүтээлд Монголын хутагт хувилгаадын нэрсийн жагсаалтыг анх удаа гаргасан юм. Миний зүгээс энэ жагсаалтыг анхны гэдэг утгаар сонирхуулж байгаа бөгөөд эдгээр “үй түмэн” хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулах тэнэг балай зан үйлд ашиглах нь хэрэггүй бөгөөд утгагүй гэдгийг онцгойлон сануулаад энэхүү жагсаалт болон зохиогчдын талаарх товч тайлбарыг нийтэлж байна.
А.М.Позднеевын дурдан буй бүтээлд Монголын хутагт хувилгаадын 2 жагсаалт хавсарган оруулжээ. Зохиогчийн дурдаж байгаагаар эхний жагсаалт нь Оросын нэрт монголч, хятададач В.П.Васильевын Бээжинд 10 гаруй жил суухдаа гаргасан жагсаалт юм. Энэ жагсаалт бүрэн бус бөгөөд түүнд Өмнөд Монголын хутагт хувилгаад олонхи, харин Халхын хутагт хувилгаад тун цөөн орсон дутагдлыг А.М.Позднеев цохон дурдсан байна. Иймээс А.М.Позднеев тухайн үеийн Монголын Шанзубдын яамнаас авсан өөрийн жагсаалтыг нэмэн оруулжээ. Гэхдээ зохиолч үүнийгээ бас л бүрэн бус гэж үзсэн бөгөөд түүнд зөвхөн шавьтай хутагт, хувилгаадыг оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Ямар ч байсан энэ 2 жагсаалт бол Монголын хутагт хувилгаадын нэрсийн анхны жагсаалт болно. Гэхдээ энэ бол 1870-1880-аад оны үеийн жагсаалт гэдгийг бид заавал анхаарах ёстой. Энэхүү жагсаалтыг уншигчиддаа хүргэхийн өмнө энэ 2 эрдэмтний тухай товч лавлагаа өгүүлье.
Алексей Матвеевич Позднеев (1851 – 1920). Оросын Дорно Дахины судлаач, монгол судлаач, монгол, халимаг хэлний профессор. Оросын Дорно Дахины Институтыг үндэслэгч бөгөөд анхны захирал. Төрийн нууц зөвлөх (1905). Монголыг бичгийн дурсгал, монгол хэл судлаач. Буддын судлал, Хятад судлал болон Дорно Дахины шинжлэх ухаануудыг үндэслэгч. 1876 онд Санкт-Петербургийн Их сургууль төгсөөд Монгол, Хятадын экспедицэд оролцсон. 1881 онд “Монгол овгуудын ардын уран зохиолын дүр төрх” бүтээлээрээ монгол хэлний магистр болж, Монгол хэлний тэнхмийн орон тооны доцент болсон. Тэр жилдээ “Монголын түүхэн судар “Эрдэнийн эрх” сэдвээр монгол хэлний доктор болсон. 1881 онд Лондон дахь Библийн нийгэмлэгийн бүтээлүүдийг монгол, хятад, манж хэлээр редакторласан.
1884 онд Санкт-Петербургийн Их Сургуулийн монгол хэлний профессор. Орост анх удаа монгол дуудлагаар утга зохиолын түүх унших курс нээж, монголоор бичсэн албан бичиг унших хичээл зааж байлаа.
1892 онд “Монголын байдал, засаг захиргааны байгуулалт, түүнчлэн Оросын Хятадтай тогтоосон харилцааг судлах”-аар дахин Монголд ирж ажилласан. А.М.Позднеев Монголд 2 удаа ажиллахдаа монгол, хятад, манж гар болон хэвлэмэл бүтээл, мөн Монгол Бурхад, шашны эд өлгийн асар их цуглуулга хийсэн. Эдгээрийн үр дүнд 1896-1898 онд “Монгол ба монголчууд” номоо бичсэн.
1899 – 1903 онд шинээр байгуулагдсан Дорно Дахины Институтын захирал.
1903 онд Ардын Гэгээрлийн Яамны зөвлөлийн зөвлөх.
1910 онд Петербургийн Дорнын практик Академийн захирал.
1913 онд Монголчуудын ардын боловсролын ажилд тусласны төлөө Монголын Засгийн Газраас жүн ван хэргэм хүртсэн.
Василий Павлович Васильев (1818–1900). Оросын нэрт монгол судлаач. Монгол хэлний магистр болоод Бээжинд Оросын үнэн алдартны нийгэмлэгийн энгийн (лам бус) гишүүнээр 1840-1850 онуудад ажилласан. В.Васильев Бээжинд байхдаа монгол, хятадын талаар маш олон судалгаа хийсэн.
Ингээд В.Васильевын гаргасан Монголын хутагт хувилгаадын жагсаалт:
1. Цахарын Егүзэр тойн хутагт Жамъяандоржийн хувилгаан Норовринчин. 16 нас.
2. Цахарын цорж…..Даваа зайсаны хувилгаан Өлзийтогтох. 10 нас.
3. Цахарын Эрдэнэ мэргэн цоржийн хувилгаан Жамбалцэрэн нойроб. Нас барсан.
4. Цахарын Ранжамба Лувсандамбийн хувилгаан Нямаа.
5. Халхын Эрдэнэ Ялгуулсан хутагт Лувсанбалданжигмэд. 30 нас.
6. Халхын Егүзэр Ачит эрдэнэ мэргэн хамба лам Лувсанданзаннамжил. 49 нас.
7. Халхын Ачит Егүзэр дархан хутагтын хувилгаан Наваанданзан. 10 дахь дүр. 15 нас.
8. Халхын Эрдэнэбандидын хутагт Лувсанцэвээнжавзан. Нас барсан.
9. Халхын Зая Бандидын хутагт Лувсанжигмэднамжил. 46 нас.
10. Халхын Нарванчин хутагт Түгжжав. 32 нас.
11. Халхын Эрдэнэ мэргэн ноён хутагт Цэрэнпунцаг. 40 нас.
12. Халхын Номунхан Бадамдорж. 20 нас.
13. Халхын…..хутагтын хувилгаан Балданчоймбол. 18 нас.
14. Халхын Эрдэнэ цоржийн хувилгаан Дамцуй Яринпил. 65 нас.
15. Халхын Дарнад бандидын хувилгаан Лувсантүвдэнванчиг. 41 нас.
16. Халхын Шаврун ламын хувилгаан Шагжбал. 50 нас.
17. Халхын Эрдэнэ номч цоржийн хувилгаан Лувсандунгар-Очир. 25 нас.
18. Халхын Зая бандид хутагтын шанзав засаг лам Дарма. 59 нас.
19. Халхын Эрдэнэ бандидын хувилгаан Лувсанбалданчоймбол. 10 нас.
20. Халхын мэргэн бандидын хувилгаан Цэвэлванчигдорж. 14 нас.
21. Халхын Жалханц хутагт Лувсанбалжирлхүндэв. Нас барсан.
22. Халхын Ялгуулсан хутагт Лувсансандуй. 30 нас.
23. Халхын Номун хан Ишданжин. 45 нас.
24. Халхын Ялгуулсан хутагт Лувсансамбуугийн шанзав засаг лам Лувсандондов. 56 нас.
25. Халхын Жалханц хутагт Лувсанбалжирлхүндэвийн шанзавдо Лувсанжамъян. 64 нас.
26. Халхын мэргэн Бандид хутагт Наваанлувсанжамъян. 11 нас.
27. Халхын Да лам Цэрэндорж. 47 нас.
28. Халхын Да лам Наваанжалцан. Нас барсан.
29. Өргөөгийн Ачит номун хан, Дүйнхэр хутагт Лувсанжигмэдчүлтэм. 14 дэх дүр. 23 нас.
30. Өргөөгийн Ялгуулсан хутагт хамба номун хан Жамбалдоржийн хувилгаан Ринчинжав. 8 дахь дүр. 56 нас.
31. Өргөөгийн Эрдэнэ мэргэн бандид Номун хан Сандагдорж. Нас барсан.
32. Өргөөгийн Мэргэн хамба номун хан Жанцавдоржийн хувилгаан Лувсанчүлтэмжигмэд. 11 дэх дүр. 31 нас.
33. Өргөөгийн Эрдэн мэргэн бандид Номун хан Лувсанпэрэнлэйдандарын хувилгаан Дорж. 9 дэх дүр. 27 нас.
34. Өргөөгийн лам Бамбарын хувилгаан Лувсандондов. 5 дахь дүр. 32 нас.
35. Өргөөгийн лам Лувсангэлэгийн хувилгаан Жигмэддорж. 60 нас.
36. Алашагийн Дүвчин хутагт Ишданзан. Өвчтэй.
37. Алашагийн Дагва хутагт Ишчойндондарамжамц. Бээжинд очсон. 26 нас.
38. Сөнөдийн Ганжуур эрдэнэ хамба лам Номун сангийн хувилгаан Сэдэдбадар. 12 нас.
39. Сөнөдийн Эрдэнэ гүүш Наваанжамцын хувилгаан Дондов. 31 нас.
40. Үзэмчиний Мэргэн гүүш Лувсаншаравнямын хувилгаан Санзайдорж. 21 насандаа нас барсан.
41. Үзэмчиний Да лам Гүүш цорж Наваандамбадоржийн хувилгаан Ишдампил. 28 насандаа нас барсан.
42. Үзэмчиний Да лам Эрдэнэ бандид мэргэн хамба Наваандамбапэрэнлэйравжаагийн Үржинжав. Түвд рүү яваад эргэж ирээгүй. 26 нас.
43. Үзэмчиний лам Моломранжамба Галсан түвдэн хувилгаан Дамиран. 18 нас.
44. Авгын Баян шавран Наваанданзанчойсамба хувилгаан Рэнчиндаш. 14 настайдаа Түвд яваад эргэж ирээгүй.
45. Авгын гүүшир Лувсангилцэгийн хувилгаан Наваантүвдэн. 21 нас.
46. Авгын Наваанлувсанпэрэнлэйн хувилгаан Намхайноров. 27 нас.
47. Авгын Далай лам Лувсандамбаравцан. 40 нас.
48. Авгын Далай лам Наваан-Одсэр. 60 нас.
49. Авгын Цанлун бандид лам Наваандамчинжамц.
50. Авга нарын Эрдэнэ мэргэн хувилгаан Лувсан 12 нас.
51. Авга нарын лам Лувсанданзанчойсан хувилгаан Марайсан. 14 нас.
52. Авга нарын Далай лам Ишжамбабалсанбу. 75 нас.
53. Авга нарын Далай лам Ишжамцан. 75 нас.
54. Хүчит билэгт номун ханы хувилгаан Лувсан. 31 нас.
55. Зүүн Удын Лам Эрдэнэ мэргэн хамбын хувилгаан Навааннэрэндамчинжамц. 26 нас.
56. Хөх хотын Ширээт хутагт.
57. Хөх хотын хувилгаан Санзайням. Хараахан дахин төрөөгүй.
58. Хөх хотын Нэйж тойн хутагт. 27 насандаа Түвд яваад эргэж ирээгүй.
59. Хөх хотын Засаг лам Галсанишдонров.
60. Хөх хотын Да лам Янчирын хувилгаан Маха-бирдашири.
61. Хөх хотын Зая бандид хутагтын хувилгаан.
62. Хөх хотын Чойгаб даяанч хутагтын хувилгаан. Насанд хүрээгүй.
63. Хөх хотын Омбожамсаны хувилгаан. Хараахан дахин төрөөгүй.
64. Хөх хотын Засаг лам Донровбалдан. Нас барсан.
65. Хөх хотын Засаг да лам Цагаан даянч хутагт.
66. Хөх хотын Ранжамба дархан цорж хутагт.
67. Хөх хотын Нэннэн хутагтын хувилгаан.
68. Хөх хотын Эрдэнэ даяанч хутагт. Нам барсан.
69. Хөх хотын Цахар даяанч хутагтын хувилгаан.
70. Хөх хотын Засаг лам Содномданзан.
71. Хөх хотын Да лам Лувсандамбаран.
72. Хөх хотын Да лам Гунгаадаваа.
73. Хөх хотын Да лам Ишсоном.
74. Хөх хотын Да лам Лувсангэлцэг.
75. Хөх хотын Да лам Рагбабалдан.
76. Хөх хотын Засаг лам Ёндон.
77. Хөх хотын Да лам Шаравдорж.
78. Хөх хотын Засаг лам Дэмчигбалжир.
79. Хөх хотын Да лам Жамцанням.
80. Хөх хотын Да лам Ишдамба.
81. Хөх хотын Да лам Гончигжамц.
82. Хөх хотын Да лам Равжаа.
83. Хөх хотын Да лам Лувсандондог.
84. Хөх хотын Да лам Гунгаадэлэг.
85. Хөх хотын Да лам Сангижав.
86. Хөх хотын Засаг лам Лувсансамдан.
87. Хөх хотын Да лам Лувсанбалдан.
88. Хөх хотын Да лам Ринчинжамц.
89. Хөх хотын Да лам Жигмэдсамдан.
90. Хөх хотын Да лам Намхайбалдан.
91. Хөх хотын Да лам Өлзий.
92. Жирэмийн ноён хутагт Ишжалцан. 24 насандаа нас барсан.
93. Жирэмийн Багш лам Мижиддорж. 38 нас.
94. Жирэмийн Засаг да лам Наваанравжаа. 67 нас.
95. Жирэмийн Да лам Гомпил. 65 нас.
96. Жирэмийн Да лам Санзай.
97. Жирэмийн Да лам Дамбажалсан. 42 нас.
98. Жирэмийн Да лам Чойжамц. 70 нас.
99. Горлосын Шаврин хувилгаан Манижав. 47 нас.
100. Горлосын Да лам Аминдаваа. 41 нас.
101. Горлосын Да лам тойн Өлзий даш рагба (Энэ дуудлага гаргагдахгүй байна) 60 нас.
102. Горлосын Да лам тойн Санжаажав. 61 нас.
103. Горлосын Да лам Иш рагба. 40 нас.
104. Горлосын Да лам Лувсандамцаг. 80 нас.
105. Горлосын Да лам Санрэндорж. 85 нас.
106. Горлосын Да лам Одсэр. 95 нас
107. Горлосын Да лам Лоцой. 88 нас.
108. Горлосын Да лам Чойрог. 80 нас.
109. Горлосын Да лам Базай. 88 нас.
110. Горлосын Да лам Чойрог. 74 нас.
111. Горлосын Да лам Дэлэг. 74 нас.
112. Горлосын Да лам Лувсанмолом. 57 нас.
113. Горлосын Да лам Яшцугдан. 52 нас.
114. Горлосын Да лам Бунирэнцэн. 46 нас.
115. Горлосын Да лам Чой-Одсэр. 25 нас.
116. Горлосын Да лам Наваан-Юндэн. 40 нас.
117. Горлосын Да лам Дансайням. 48 нас.
118. Горлосын Да лам Сулжим. 61 нас
119. Горлосын Да лам Чагдар –Үржин. 50 нас.
120. Горлосын Да лам Гомборинчин. 48 нас.
121. Горлосын Да лам Ламгу. 64 нас
122. Горлосын Да лам Лувсанраш. 50 нас.
123. Горлосын Да лам Дүлзэнбалдансамба. 42 нас.
124. Горлосын Да лам Пирлай. 37 нас.
125. Горлосын Да лам Наваангалсан. 35 нас.
126. Горлосын Да лам Өлзийбадар. 31 нас.
127. Горлосын Да лам Галсаншарав. 63 нас.
128. Горлосын Да лам Наваанданзан. 62 нас. Өвчтэй.
129. Горлосын Да лам Ашук.
130. Жалайдын Да лам Лэгчид. 65 нас.
131. Жалайдын Да лам Баньжав. 72 нас.
132. Жалайдын Да лам Товууч. 59 нас.
133. Жалайдын Да лам Банди. 62 нас.
134. Жалайдын Да лам Сампил. 82 нас.
135. Жалайдын Да лам Жав. 43 нас.
136. Жалайдын Да лам Чойринчин. 70 нас.
137. Жалайдын Да лам Санзайрэнцэн. 65 нас.
138. Жалайдын Да лам Чуань. 62 нас.
139. Жалайдын Да лам Хуваргун. 41 нас.
140. Жалайдын Да лам Энхээ. Нас барсан.
141. Дүрвэд Далай лам Баяндүүрэн. 46 нас.
142. Дүрвэд Далай лам Рааш. 61 нас.
143. Дүрвэд Далай лам Номундэлгэр. 46 нас.
144. Дүрвэд Далай лам Баянхишиг. 72 нас.
Одоо А.М.Позднеевын Шанзубдагийн яамнаас авч гаргасан Халхын хутагт хувилгаадын жагсаалт: (Энэ жагсаалт өмнөх жагсаалтын дутууг гүйцээх зорилготой байсан байх.)
1. Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагт хувилгаан.
2. Ачит Номун хан Дүйнхэр хутагтын хувилгаан
3. Ялгуулсан хутагт, Хамба номун хан Жамбалдоржийн хувилгаан.
4. Эрдэнэ мэргэн хутагт Лувсангэлэгийн хувилгаан.
5. Эрдэнэ мэргэн Бандид номун хан Цэвээндоржийн хувилгаан.
6. Мэргэн хамба номун хан Жанзавдоржийн хувилгаан.
7. Эрдэнэ мэргэн бандид, цорж хамба, номун хан Лувсанпэрэнлэйдандарын хувилгаан.
8. Бамбарын хувилгаан.
9. Шашныг тодруулагч Эрдэнэ Зая Бандидын хувилгаан. (Энгийн хэллэгт Зая бандид буюу Зая гэгээн гэдэг. Түүний хүрээ хийд Сайн ноён хан аймгийн нутагт байдаг ба өмнөх жагсаалтын 61-д буй Хөх хотын ижил нэрт хувилгаантай андуурч болохгүй.)
10. Эрдэнэ бандид хутагт, хамба номун хан. (Энгийн хэллэгт Номун хан Лам гэдэг. Түүний өргөө Сэцэн хан аймагт байдаг.)
11. Чин сүжигт номун хан, Эрдэнэ хамба хутагт. (Энгийн хэллэгт Чин сүжигт лам гэдэг.)
12. Эрдэнэ мэргэн бандид Цэцэн номын хан. (Энгийн хэллэгт Эрдэнэ хамба хутагт гэдэг.)
13. Номч мэргэн хамба, Эрдэнэ бандид Жалханц хутагт.
14. Соёлыг бадруулагч сүмийн хамба Нарванчин хутагт. (Энгийн хэллэгт Нарванчин гэгээн гэдэг.)
15. Эрдэнэ Ялгуулсан Хутагтын хувилгаан. (Энгийн хэллэгт Лха Бээсийн Ялгуулсан гэдэг.)
16. Егүзэр ачит Эрдэнэ мэргэн сэцэн хамбын хувилгаан.
17. Зарлигаар Их Хутагт цол шагнагдсан Цорж хутагт Эрдэнэ хамба, эрх цэцэн тойн. (Энгийн хэллэгт Мэргэн вангийн тойн хамба гэдэг. Хот хүрээ нь нь Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуунд байдаг.)
18. Ялгуулсан хамба, Сайн ерөөлт ширээт номч, номун хан. (Энгийн хэллэгт Хавчиг хувилгаан гэдэг.)
19. Хувилгаан цорж, номч Эрдэнэ бишрэлт. (Энгийн хэллэгт Ноён лам гэх бөгөөд хот хүрээ нь Баруун хүрээнээс холгүй Пунцагдаржаалан хийдэд буй.)
20. Эрдэнэ ялгуулсан ширээт, билэгт гавж хувилгаан. (Энгийн хэллэгт Шавийн Галсан ширээт гэдэг.)
21. Шашныг тодруулагч, сайн ерөөлт, номч мэргэн хамба, цэцэн ширээт Дарва бандид хутагтын хувилгаан.
22. Хувилгаан Галсан ширээт.(Энгийн хэллэгт Хатгиний Галсан ширээт гэдэг.)
23. Шашныг тодруулагч, Эрдэнэ мэргэн ноён хутагт. (Энгийн хэллэгт Сайн ноёны дүүгийн хувилгаан буюу Сайн ноёны дүү хувилгаан гэдэг. Хот хүрээ нь Сайн ноён хан аймагт байдаг.)
24. Тойн хамба хувилгаан, Үлэмж сайн номч мэргэн.
25. Тойн хамба хувилгаан, Үлэмж сайн номч мэргэн. (Энэ хоёр ижил нэр, цолтныг ялгах гэж Лха бээсийн тойн гэдэг. Харин албан бүртгэлд зөвхөн хошуугаар нь ялгажээ.)
26. Цорж хувилгаан Дамбажунай.
27. Шашныг тодруулагч, Эрдэнэ мэргэн ноён хутагт. (Өмнөх ижил нэр цолтой Сайн ноёны дүүгээс ялгахын тулд Говийн ноён хутагт гэдэг.)
28. Эрдэнэ мэргэн ширээт. (Энгийн хэллэгт Лха бээсийн ширээт гэдэг.)
29. Хувилгаан дархан цорж Лувсандамбажалцангийн хувилгаан.
30. Ялгуулсан хутагт ноён номун хан.
31. Аймаг савыг баригч, ачит номун хан эрдэнэ Манзушир Дүйнхэр хутагт. (Халхад сүм хийдтэй ч одоо Долнуурын орчимд Цахарын нутагт байнга суудаг. Энэ хутагтыг Өргөөгөөс холгүй амьдардаг Жавзандамба хутагтын мэдлийн Дүйнхэр Манзушир хутагтаас ялган үзэх хэрэгтэй.)
32. Мэргэн хамба номун хан хувилгаан.
33.Эрдэнэ мэргэн бандид номын ханы хувилгаан.
34. Мэргэн хутагт.
35. Эрдэнэ хувилгаан.
36. Эрдэнэ цогт хутагт. (Энгийн хэллэгт Арын хувилгаан гэх ба Засагт хан аймгийн нутагт амьдардаг.)
37. Хувилгаан гүүш, Дондов номч билэгт.
38. Тойн цоржийн хувилгаан.
39. Номч номун хан.
40. Гунгаабандидын хувилгаан.
41. Засаг да лам, Оромбо хутагтын хувилгаан.
42. Эрдэнэ бандид ламын хутагт. (Энгийн хэллэгээр Ламын гэгээн гэх ба Сайн ноён хан аймагт байдаг.)
43. Мэргэн хамба Хүүхэн хутагтын хувилгаан. (Энгийн хэллэгээр Хүүхэн хутагт гэх ба орон хүрээ нь Сэцэн хан аймагт байдаг.)
44. Ялгуулсан хамба Ганжуурын гэгээн. (Сэцэн хан аймагт байдаг.)
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 04 дүгээр сарын 25.
-
2017 оны 4 сарын 24
... Иймд УИХ ба Засгийн Газар хоёрын хооронд тэмцэл өрнөх бөгөөд хуулиараа УИХ нь Засгийн газраа хянах ёстой. Тиймээс М.Энхболд нь Ц.Нямдоржийн хяналтанд орно гэсэн үг юм. М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг сонирходоггүйн учир энэ ажээ...
-
2017 оны 4 сарын 24
Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм.
Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе дотроо бөндөгнөж, түжигнүүлчихнэ. Онгойлгож болох бүхнийг онгойлгож арьсаа нууна. Таазны адар эрэгдэж, хаалганы хавтас салгаж, шалны хулдаас хүртэл хуулж байсан санагдах юм. Өнөөх эгч өрөөнд байсан 4 гудсыг бүгдийг нь задалж, тарваганы арьсаа сайхан зулаад, цүнхнээсээ өнгө өнгийн утас зүү гаргаж, яг өмнөх оёоны утастай адил утсыг сонгоод шөнөжин оёж билээ. Би ээж, эгчийн хажууд утас зүү хатгаж байхыг нь харж өссөн учир өнөөх эгчид нэг гудсыг нь оёж өгсөн юмдаг.
Үүрээр хилд дөхөж ирлээ. Шөнөжин нойргүй хөдөлмөрлөсөн бид түр амсхийж, цай цүү, хоол унд болоход өнөөх эгч цүнхнээсээ баахан хоол, хиам, боов, цай гаргаж биднийг дайлав. Их үнэтэй архи ч гаргасан санагдана. Тэгээд ”Одоо бүгдээрээ мушгина аа. Гаалийнхныг орж ирэхэд цоглог сэргэлэн сууцгаана шүү” гээд тэр үед их ховор байсан хулдаасан хөзөр гаргаж дэлгэв.
”Гарын уртай мундаг хүү байна. Лав ээж, эгч нар чинь их уран хүн байсан байх. Эгчдээ их тус боллоо. Баярлалаа” хэмээн гудсыг нь оёлцож өгсөн намайг маш ихээр их магтаж, ”Залуу хүн байна, сайн ид” хэмээн өгөрций, хиам хавчуулсан талх надад байн байн сарвайна. Эгчийн гуйснаар миний нарийн шилбийг элдсэн дөрвөн тарваганы арьсаар ороож, мяндсан утсаар бадайрч чинэртэл боож орхисон билээ. Тэгэхэд би тухайн үед залуусын өмсөх дуртай Пирамид гэдэг саран тэмээний зурган логотой өргөн хэлхэгэр жинсэн өмдтэй явав. Бас гэдэс гүзээгүй миний хэвэлд тав зургааг хийгээд, гадуур нь баадагнасан байсан юм.
Монголынхоо гааль дээр зогсох үед цонхны цаана ой хүрч яваа болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн бараг миний үеийн залуухан эх зогсоод, галт тэрэгний цонхнууд руу горьдлого тээсэн өлөн нүдээр харан зогсож байлаа. Өмссөн зүүсэн юм үгүй шахам, даарсандаа шөвгөр хөх эрүү нь чичигнэнэ.
Өнөөх эгч ч түүнийг харангуут цонхоо буулгаад, дуудаж идэж ууж явсан юмаа уутанд хамаж хийгээд өгөв. Өмнө нь надад хэсэг талх, хиам боож өгсөн байсан юм. Бас ”Даарчихлаа, наад хүүхэд чинь...” гээд нөмөрч явсан сайхан ноосон шаль (одоо тийм юм үзэгдэхгүй болж, оросын том ноосон алчуур) -аа аваад өгч байна. 11 сар, тэр жил эрт хүйтэрсэн байсансан.
Тийм өгөөмөр, тусч сайхан сэтгэлтэй эгчид би л хувьдаа маш ихээр талархан баярлаж, тэр эгчид нэгэн шөнийн нойроо үргээн тусалсандаа сэтгэл ханаж суув. Бас бадайран чинэрч буй хөлийнхөө шилбэний өвчинг ч тэвчих тэвчээр маань нэмэгдэх шиг болж билээ. Ах үг хэлэх бүрдээ намайг шоолж, даажигнана.
Эхний гаалийг аятай сайхан өнгөрөөд Оросын гааль дээр ёстой нэг сэгсрүүлсэн дээ. Гаалийн бүдүүн орос авгай орж ирээд өнөөх бидний шөнөжингийн хүч хөдөлмөрийг маань ганц сайхан нурааж, хамаг нуусан арьсыг хуу хамав. Яг л хүн заагаад өгчихсөн мэт дагуул цэргүүддээ одоо тэрийг, энийг онгойлго гээд л бүдүүн чийгийн улаан өт шиг хуруугаараа заана.
Ахын цүнхний давхар оёорт байсан болоод миний хэвлийг халуу шатуулж, шилбийг байж ядуулан буй хэдэн арьс үлдэв. Эгчийг харвал ёстой хий нь гарсан гүзээ шиг шалбайжээ. 100 орчим арьс хураалгасан санагдана.
Оросын гааль өнгөрөөд би өнөөх хэдэн арьсыг нь хөл, хэвлээсээ тайлж өглөө. Эгч ”Баярлалаа” гэж сулхан дуугарч байна. Эгчид тэр хэдээс өөр юм үлдсэнгүй. Миний хувьд түүнийг өрөвдөж байх гэж жигтэйхэн. Би өөрөө таван эгчтэй хүн. Мэнд авч гарсан хэдэн арьснаасаа хэдийг илүүчилчихдэггүй юм байх даа хэмээн ах руугаа сэм сэмхэн хялалзан суулаа. Ах маань харин бүр эсрэгээрээ, тэр эгчийн эмгэнэл харууслыг ер анзаарсан шинжгүй. Би ахыгаа ийм хүйтэн хүн гэдэгт итгэж ядан мэлрэн суув. Гэтэл бүр ихээр мэлрүүлсэн явдал болсон билээ.
”Түй чёрт. Муу өлөгчин. Адгийн муу гуйлгачин” гэсэн дуу гарах нь тэр. Цонхны дэргэд шанаа тулаад сууж байсан өнөөх эгч цааш нь ”Тэгээд хүүхдээ тэврээд гуйлга гуйгаад үхэж хатсан царайлаад явж байхдаа таарсан амьтан” гэж байна.
Тэр эгч хэнийг, юунаас болоод тийнхүү адгийн муухайгаар хараагаад буйн учрыг би огт ойлгосонгүй. Гэтэл хэсэг сууснаа ”Ядарсан муусайн юмнуудад өглөг өгөхөөр буян болдог гэдэг шал худлаа юм байна шүү дээ. Тэр хилийн зурвас гатлахын өмнө цонхны цаана зогсож байсан тэр муу өлөн нүдтэй жингэрт шал дэмий юм өглөө. Хүний хамаг буян хамаад авчих шиг болов” гэх нь тэр. Миний өнөөх сайн сайхнаар төсөөлж, өрөвдөж, хамаг арьсаа хураалгасанд нь өмнөөс нь эмтэрч суусан маань салхинд хийсэх мэт хормын зуурханд арилж, нүд бүрэлзэж, дотор харанхуйлах шиг болж билээ. Хүүхдээ тэвэрсэн тэрхүү гуйлгачин залуухан эхийн дүр төрх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв. Гэнэтхэн ширээний цаана суугаа тэр эгчээс чоно үзсэн хурга мэт айж жийрхэх сэрэхүй намайг нөмөрч байгааг мэдэрч, дотор муухайран бушуухан гарч 00 руу зүтгэж билээ. Улаан-Үдэд буунгуут хамгийн түрүүнд тэр эгчийн намайг магтан магтан, илж таалан байж боож өгсөн өнөөх хиам талхыг нь хэдий өлсөж байсан ч хогын савруу цэврүүхэн бариад шидсэн юмдаг. Ах намайг анзаараад ”Иймэрхүү жүликүүд хаа сайгүй штээ. Юундаа эмзэглээв?” гэхэд нүүр минь ихэд улайж, ичиж билээ. (жүлик-ямар ч ёсзүйн баримтлах зарчим, үнэт зүйлгүй мунхаг дорд хүмүүс гэсэн утгаар ах маань энэ үгийг хэрэглэх шиг болсон)
Тэр цагаас хойш өглөг буянд их анхааралтай, нэн сэжигтэй хандах болсонсон.
Энэ хугацаанд миний анзаарснаар ӨГЛӨГ БУЯНЫГ хүмүүс гурван хэлбэрээр үйлдээд байх шиг.
- Дээрх эгчийнх шиг зөвхөн өөрийн тусын тулд л өглөг буян үйлддэг. Өөрөөр хэлбэл өөрт эргээд ашиг, хариу тус харж ”өглөг буян” хийж байна. Энэ бол үнэн хэрэгтээ өглөг ч, буян ч биш юм.
- Удаад нь хүн зөвхөн өөрийнхөө давуу байдлыг харуулах, ихэрхэх гэж өглөг, буян өгөх нь бас байна. Бүр өглөг өгч зөвхөн өөртөө л таашаал авдаг хүмүүс ч тааралддаг.
- Ерөөс өгөхийн тулд, буяны тулд өгч буй ӨГЛӨГ БУЯН байна. Чухам жинхэнэ өглөг буян гэдэг бол энэ. Цаад хүнийхээ тусын тулд л гэсэн нинж сэтгэл төрөөгүй бол яагаад ч өглөг буян болж чаддаггүй. Хичнээнийг өгсөн ч ялгалгүй. Чухам өглөгийг Өгөхийн тулд л өргөдөг. Буяныг Буяны тулд л үйлддэг, Сайн үйлийг зөвхөн Сайн үйлийн тулд нь бүтээдэг. Эс тэгвээс хэрхэн Өглөг, Буян, Сайн үйл болох билээ.
Энэ мөн чанар бүр дээр таарсан тохиол явдлуудтай амьдралд учирч явав. Тэр бүхнийг хожмоо амжваас сийрүүлэн бичихийг хичээнэ ээ.
Б.Номинчимэд
-
2017 оны 4 сарын 23
...Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг. Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт сацрагт жаргалтайяа суниан мишээдэг. Нарны бүлээхэн сацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.
Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана. Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй. Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.
...Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм, уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм. Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм. Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм. Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.
Г.Галбадрах
-
2017 оны 4 сарын 21
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
1985-1986 оны хичээлийн жилийн сүүлээр буюу 1986 оны хавар Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль дээр Монголын Радио, Телевизийн Газраас \МРТВ\ орон даяар зохион байгуулж явуулдаг ”Залуу нас-Мөнхийн дуудлага” нэртэй радио нэвтрүүлгийн багийнхан ирсэн юм. Тэр багийг ахалж, ”25-р суваг” ТВ-ээрээ алдаршсан Авирмэд асан ирж байсныг санаж байна. Тэр үеийн Монголын залуусыг уриалан дуудсан энэ нэвтрүүлэгт тухайн үедээ улс орны хэмжээнд ”шилдэг” гэж дүгнэдэг байгууллагын залуусыг оролцуулдаг байсан юм. Бидний ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургууль ”Улсын Тэргүүний Сургууль” ийн болзлыг ханган олон жил хамгаалж, аймагтаа төдийгүй Улсын хэмжээнд ”Шилдэг” т тооцогддог байсан болохоор ийнхүү сонгосон байх. Ийм түвшинд энэ сургуулийг удирдан авч явж байсан захирал Ж.Нацаг, хичээлийн эрхлэгч Д. Пүрэвдорж нарын гавьяа байсан юм шүү. Энэ удирдлагууд залуу багш биднийг ”хатуу гар”аар ажиллуулж сургахдаа, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бие биенээсээ суралцдаг, ажлын их ачааллыг даах чадварыг төлөвшүүлснээр, одоо хэр нь мундаг багш, сургуулийн удирдах ажилтан болцгоож, боловсролын салбарт сайн ажиллаж байгаад нь бахархаж байдаг. Хэрвээ надад жаахан ч атугай сайн чанар байдаг бол, энэ сургуульд ажиллаж байсан он жилүүдийн үр шим хэмээн би одоо ч талархан боддог юм даа.
Хоногийн тоогоор бие минь өсч
Хонхны дуугаар сэтгэл сэргэсэн
Хонгорхон насаа азтай үдсэн
Ховорхон заяах сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
Нэвтрүүлэгт оролцох гэж залуу багш нар орой болгон цуглаж, нэвтрүүлгийн багийнхантай санал бодлоо хуваалцана. Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг баримттайгаар хөндөж, шийдэлд нь залуу багш нарын саналыг тусгах чиглэлээр хийж байсан нэвтрүүлэг юм. Хөдөөгийн сургуулиудад сургалтад хэрэглэх техник хэрэгслэл дутмаг байдаг тухай, байгаа техник хэрэгслэл нь эвдрэхээр сэлбэг олддоггүй тухай, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу багш нарын нийгмийн асуудал болоод мэргэжлийн ур чадварын талаар асуудал хөндөж байсан санагдаж байна. Нэвтрүүлэг үндсэндээ дуусч байх үед ”Ер нь энэ нэвтрүүлэгтэй холбогдуулан сургуулийн тухай дуу шинээр зохиож оруулбал яасан юм бэ?” гэсэн санал гарчээ. Тэр үед Тосонцэнгэлийн 8 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Чимэдгочоо, манай сургуулийн орос хэлний багш Г. Гүнчинсүрэн зэрэг багш нар цуглан сууж байгаад үгийг нь зохиосон гэдэг. ОХУ-ын Свердловскийн Хөгжмийн Сургууль төгсөж ирээд Тосонцэнгэлийн ”Соёлын Ордон”-ы даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан \одоо ”МУУГЗ”, нэрт хөгжмийн зохиолч\ аялгууг нь зохиож, ”Соёлын Ордон” ы ”сайн дурын уран сайханч” МБК-ын ажилчин Отгонбаяр дуулсан юм. Тэр үед Монголын радиогоор дуулагдах шинэ дуу болон уран бүтээлийг урьдчилан хянаж, албан ёсны зөвшөөрөл өгдөг МАХН-ы үзэл суртал хариуцсан байгууллагад Авирмэд хандаж зөвшөөрөл авсан гэж хожим нь сонсож байв. Анх сонссон болоод тэр үү, Отгонбаярын дуулсан дуу миний сэтгэлд их ойр санагддаг юм.
Сурагчийн ширээнд тохой мөртэй
Сурлагын дэвтэрт нэр минь бичээстэй
Амьдрах хүслийн учгийг атгуулсан
Ачлан дээдлэх сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
1986 онд ”Залуу нас-Мөнхийн дуудлага” радио нэвтрүүлгээр зохиогдсон энэ дууг хожим нь МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар дуулж олны хүртээл болголоо. МУГЖ У.Далантай энэ дууг зохиогдох үед Завханы Тосонцэнгэлийн сургуульд сурч байв. Пионер сурагчдын ”Урлагийн үзлэг”т түрүүлж байсан У.Далантай, энэ сургуулийг төгсөгч гэдгээрээ сэтгэлд их ойр дуулдаг юм. Одоо хэр нь энэ дууг сонсохоор залуу насны омог бардам араншингаар нөхөрлөн, сайдаж муудалцах хэрнээ зовлон жаргалаа хамтдаа л хуваалцаж явсан олон багш нар, хүүхэд насны гэнэн томоогүй зангаараа загнуулж зэмлүүлж, амжилт сурлагаараа баярлуулан бахдуулж байсан олон шавь нар, чандманалан баригдсан хичээлийн 3 барилга нүдэнд харагддаг юм. Тэр цаг үеийн дүрс энэ дуунд шингэж үлдсэн юм шүү дээ. Яг л кино шиг. 1991-1998 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ”Сургууль минь” нэртэй энэ дууг сургуулийнхаа ”сүлд дуу” хэмээн тооцож, хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр, төгсөлтийн ”Хонхны баяр” дээр сургуулийн хамт олноороо дуулдаг болгож хэвшүүлсэн сэн. Одоо ингэж дуулж байгаа болов уу? хэмээн хааяадаа санаашрангуй бодох.
Холын газраас сэтгэлд тодхон
Хаяаны эндээс нүдэнд илхэн
Насны замыг ашид гийгүүлсэн
Нандин хайртай сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
Энэ дуу бүтээд 30 жил өнгөрчээ. Цалин буусан үед шил архи аваад сургуулийн хашааны буланд хувааж уунгаа зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө хүүрнэж асан, хагас сайны орой нэгнийдээ цуглан ”таван гарын муушиг” тоглонгоо цуйван идэж өглөө болгож асан, спортын зааландаа хөлсөө асгартал тоглон хөгжилдөж асан, хотын урлагийн үзлэгт концерт тоглох гэж шөнө дөл хүртэл үүрэглэн сууж асан, намар хадлан хадах гэж хөдөө майханд шөнөжингөө онигоо ярьж хөхрөлдсөн, аймаг руу семинарт явах гэж ”Зил-130” машины тэвшин дээр дуулалдаж асан, сайхан сургуулийнхаа бахдам нэрийн дор хамтдаа онгиролдож асан он жилүүд цаг хугацааны урсгалд урсан оджээ. Зөндөө олон найзууд минь ”Бурханы оронд” одсон сураг сонсох бүрт зүрхэнд минь нулимс урсаж, чимээгүйхэн мэгшинэ. 2000 -аад оны эхээр Насанбуян маань санаачилсан ”Тосонцэнгэлийн сургуулиудын багш нарын уулзалт” Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулагдаж, уламжлал болон хэвшиж байгаа нь юутай сайхан. Тэр үед хамт ажиллаж байсан нэгэн багш маань нүүрномоор энэ дууны 30 жилийн дурдатгалыг сануулсан юм. Энэ дурдатгал сэтгэлийн чанадад хадгалагдсан гэгээн сайхан дусамжуудыг минь сэргээв. Энэ дуугаар Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийн тэр үеийн удирдлагууд болон багш нарыг оролцуулаад клип хийхсэн хэмээн хүсч байсан мөрөөдлийг минь бас сэргээв. Энэ сургуульд суралцаж төгссөн олон олон шавь нар минь энэ дууг дуулж байгаасай хэмээн хүсэв. Сайн дуу түүхийн гэрч болон үлддэг аж.
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
https://www.youtube.com/watch?v=vV0aJXoSwW4
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-04-20
-
2017 оны 4 сарын 20
...Оросын зохиолч Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” гэсэн нэг зохиол бий байх аа. Өнөөдөр тэгвэл “Монголд хэн жаргалтай вэ?” гээд та өөрөө өөрөөсөө, ба өрөөл бусдаас асуугаад үзээрэй. Би л лав эргэлзэх юмгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хууль тогтоогчид, хуульчид гэнэ...
-
2017 оны 4 сарын 19
Эрдэнэт үйлдвэрт цехийн даргаас дээшхи албан тушаалд халаа солио хийж, шинээр 200 хүн томилохоор нэрсийн жагсаалтыг баталж бэлдсэн байна. Тэдгээр залуус МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн захиас буюу сонгуулиар хандив өргөөд ажлаа хүлээн суугаа намчид аж. Шинээр ажилд томилогдсон орлогч захирлууд, зөвлөхүүд цех тасаг бүрт шигшилт явуулж, дээрх “намчин”-гуудын золиосонд явуулчихаар инженерүүдийг сонгож байгаа юм байна. Азгүйчүүдийн дунд үйлдвэрт анхан шатнаас нь эхэлж ажилласаар туршлага мэдлэгээрээ шалгарч цехийн дарга болсон хүмүүс ч бий. Үйлдвэрийн 6000 ажилтанаас удирдах түвшний 200-г нь солиход хэл ам гарахгүй гэж МАНгарууд үзсэн биз. Харамсалтай нь одоо ажиллаж байгаа туршлагажсан залуусын оронд мөнгө завших ганцхан зорилготой учраа мэдэхгүй нэгэн орж ирснээр үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрч болзошгүй.
Х.Бадамсүрэнд ирсэн 200 хүний жагсаалтад багтах гэж юу ч долооход бэлэн “намчид” шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг Эрдэнэтэд байрлах үед буудлынх нь коридорт анкетаа урдаа пайз мэт бариад үүрийн 5 цаг хүртэл дугаарлаж зогссон гэх яриа байдаг. Хууль бусаар бүрэлдсэн ТУЗ Улаанбаатар хотод хуралдах аргагүй болж, Эрдэнэтэд очиж үргэлжүүлээд орлогч захирлуудыг томилсон өдөр буюу дөрөвдүгээр сарын 4-5 шилжих шөнө дээрх 200 хүний ихэнх нь жагсаалтад бичигдсэн ажээ.
Ш.Даваа
-
2017 оны 4 сарын 19
Оросын зохиолч Александр Тенчойн 2 дахь өгүүллийн орчуулгыг нийтэлж байна. Яарахгүй бол манайхан өмнөх өгүүллийг нь мартчихаж магадгүй гэж болгоомжлов. Үүнтэй холбогдуулан миний аль эрт орчуулсан М.Д.Каратеевын “Орос ба татаарууд” (2008.10.20) өгүүллийг сөхөж үзэхийг зөвлөж байна. Энэ өгүүлэл https://ganaa.mn/2008/10/20/utui/-д бий.
Миний “Төрийн Думын депутат Михаил Викторович Слипенчук-т өгсөн өлгөц тайлбар уншигчдын дунд шууиан тарив. Ингээд Монгол-татаар хийгээд Оросын ард түмний хэл зүй хийгээд түүхэн холбоо харилцааны талаарх судалгаагаа үргэжлүүлэхээр шийдэв.
Юуны өмнө энэхүү өгүүлэлд ашиглаж буй “монгол-татаар” хэмээх үгийг түүхэн утга зохиолд Чингис хааны түрэмгийллийн үр дүнд XIII зуунд бүрэлдэн тогтсон, Дунайгаас Япон тэнгис хүртэл, Новгородаас Зүүн-өмнөд Ази хүртэлх 38.000.000 квадрат км өргөн уудам газар нутгийг эзэлж, дэлхийн хамгийн том гүрэн болж чадсан Монголын эзэнт гүрний (Их Монгол Улсын) дайчид, монголын булаан эзлэгчид, тэдний үр хойчис гэж үздэг. Гүрний нийслэл нь Хархорин. Гэхдээ энэ гүрэн XIY зууны сүүлчээр оршин тогтнохоо больсон.
Гэхдээ газрын зураг дээр Агуу Их Монгол Улс алга болсон ч ҮГС нь алга болсонгүй энэ их гүрний нутаг дэвсгэр дээр амьдарч ард түмнүүдийн хэлнээ үүрд шингэн оржээ. Жишээ нь: Алтан Ордот улсын нэр нь монголын “ард түмэн” гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ үгийн хоёрдахь хэсэг нь манай алдарт хот Тюмень болон үлджээ.
Энх тайван тогтоох, монгол-татааруудыг довтлохгүй байлгах баталгаа болгон гэр бүлийн холбоо хийгээд ордны төлөөлөгч, барьцааны хүмүүсийн төлөөлөл болсон “аманат” гэх институтыг ашиглаж байсан нь нийтэд тодорхой баримт юм. Оросын язгууртан олон эмэгтэй монгол-татаарын язгууртны эхнэр болсон ба мөн монгол-татаарын олон язгууртан өөрийн охидоо оросын вангуудад гэргий болгон өгдөг байлаа.
Оросын хаадын нэгэн Догшин Иван хаан монгол-татаар угсаатай байсан нь түүхийн тодорхой баримттай. Түүний ээж Елена Глинская бол Мамайн ач охин болно. Оросын хаан Борис Годунов ч гэсэн XYI зуунд загалмайн шашинд орж, Орост суурьшсан татаар язгууртан Чета-гаас гаралтай. Нарышкин-ыхан ч гэсэн энэ овгийн монгол-татаар угсаатай. Наталья Нарышкина бол Алексей Михайлович Романовын эхнэр, I Петр хааны ээж байсан.
Энх тайван тогтоох, оросын нутаг руу довтлохгүйн баталгаа болж монгол-татаар язгууртнууд Орос ноёдын өргөөнд хаяа нийлүүлэн амьдрах нь түгээмэл үзэгдэл байлаа. Эдгээр язгууртны хүүхдүүдийн талаар ямар ч эргэлзээ төрж байгаагүй, тэд голдуу тал нутаг руугаа буцалгүй үлдэж, ордны хэргэм хүртэж, оросын язгууртнуудын эгнээг өргөтгөж, алба хаах болжээ. Ингээд хэд хэдэн үеийн дараа монгол-татаар гаралтайгаа мартаж, Орос улсад үрггэлжлүүлэн алба хаах болов.
Монгол-татаар гаралтнууд одоо болтол гарал үүслийн нэрээ хадгалсаар л явна. Оросын вангуудаас жишээ авахад: эртний язгууртан Гаршин-ийнхны овгийг үүсгэгч нь монгол язгууртан Гарша байсан ба энэ мэтчилэн Голицын-ыхан, Нарышкин-ынхан, Ростопчин-ынхан, Глинский-хан, Радищев-ынхан, Кантемиров-ынхан, Романо-ынхан зэрэг язгууртны овгууд монгол-татаар гаралтай. Ийм язгууртан гаралтны олон охид Оросын хатан хаад болж байжээ. Жишээлбэл: Соломония Сабурова, Ирина Годунова, Марфа Апраксина нар монгол-татаар угсаатай Хатан хаад гэж алдаршсан билээ.
Оросын язгууртны дунд монгол-татаарын 120 нэрд гарсан овог байна. XYI зууны үед оросын тайж язгууртны дунд монгол-татаар угсаатай орос язгууртнууд тоогоороо давамгай байлаа. XIX зууны сүүл гэхэд ч Орост монгол-татаар угсаатай ойролцоогоор 70 орчим мянган тайж язгууртан байсан юм.
Жишээлбэл Оросын ван Куракин-ынхан бол III Иваны үед гарч ирсэн, түүний овог угсаа Алтан Ордын хан Булгакаас тасран гарсан болно. Тэд Их Оросын нэрд гарсан вангууд: Куракин-ыхан, Голицын-ынхан, мөн Булгаков-ынхан овгийг үүсгэжээ. Оросын канцлер Александр Горчаков ч гэсэн монгол-татаарын элч Карач-Мурза-гаас үүссэн.
Тайж Дашков-ынхан Алтан Ордоос гаралтай. Мөн Сабуров-ынхан, Мансуров-ынхан, Тарбеев-ынхан, Годунов-ынхан ( 1330 онд Алтан Ордоос ирсэн монгол язгууртан Чета-гийн удам), Глинский-нхан (Мамайгаас үүсэлтэй), Колокольцев-ынхан, Талызин-ыхан (монгол язгууртан Кучук Тагалдызинаас үүссэн). Мөн Черкассын ноёдууд Инал хааны угсаатнууд болно.
“Алба хаах болсны тэмдэг болгон тэднийг угсаа гарвалын бичигт бүртгэн, Хаан руу өөрийн хүү Салтман, охин-хатан Мария нарыг илгээсэн ба тэр охин Иоанн Васильевич хаантэй гэрлэсэн, харин хүү Салтман загалмайн шүтлэг авч Михаил нэртэй болж, тайж болов.”
Эдгээр овгийн нэрээс ч үзсэн монгол-татаар цус оросын генофондод хүчтэй нөлөө үзүүлжээ.
Бид үнэн алдартны шүтээн болсон хаан Петр Ордынскийн тухай мэднэ. Пётр Ростовский, өөр нэр нь Даир Кайдагул Орда-Ичинов бол 1290 онд нас барсан Чингисийн удмын Пётр Ордынскийн хүү юм.
Тэрээр Чингис хааны ач, Алтан Ордын хаан Бэрхийн ач бөгөөд Петровскийн сүмийг босгосон. Өөр нэг монгол-татаар ариун Петр бол Казанийн шүтээн юм.
Шинжлэх ухааны салбар дахь монгол-татаар угсаатан гэвэл Оросын суут эрдэмтэд Менделеев, Мечников, Павлов, Мичурин, Павлов, Тимирязев, Хойт туйл судлаач Семён Иванович Челюскин, Алексей Ильич Чириков нар байна.
Оросын нэрт зохиолчдын дунд тэдний монгол-татаар гаралтайг нотолсон олон овог бий: Достоевский, Тургенев, Державин (Багиров-ынхан, Нарбеков-ынхан овгоос гаралтай), Пешков (Горький). Пушкин ч гэсэн өөрийн өвөг Ганнибалын негр оросын Пушку гэгчийг Ражу гэх монгол-татаартай холбоотой гэж хэлж байсан. Аксаков-ынхны монгол-татаар язгуур илт тодорхой. Зохиолч Куприны ээж Кулунчакова бол Касимовын хаант улсын монгол-татаар ноёны эртний удмаас төржээ. Зохиолч Чаадаев бол Чингис хааны нэг жанжин Шагатай-н (Цагаадай ?! Х.Д.Г) удам юм.
Булгаков, Сейфуллина, Ахмадуллина нар ч гэсэн монгол-татаар гаралтай нь нотлогдсон.
Түүнчлэн Киргизийн ардын зохиолч (1974), Социалист хөдөлмөрийн баатар (1978) Чингиз Торекулович Айтматов байна. Александр Александрович Блок эцгийн талаасаа герман гаралтай боловч эхийн талаасаа (Бекетова) монгол-татаар угсаатай. Блокийн хөшөө Москвагийн Спиридоновкийн гудамжинд буй. Александр Иванович Куприны ээж нь монгол-татаарын ноён Кулунчаков-ынхнаас гаралтай. Владимир Владимирович Набоков XYII зууны тайж угсаат монгол-татаар ноёны үр сад болно. Евгений Петров (Евгений Петрович Катаев) бол татаар болон украин угсаат орос хүн. Анна Ахматова өөрийн өвөг дээдсийг Алтан Ордын хан Ахматтай эхийн талаасаа холбоотой гэж үздэг байсан.
Хэрэв алдартай овгуудын судалгаагаа үргэжлүүлэн монгол-татаар угсаат цэргийн дарга нар хэр олон ?, тэдний дунд Орост үнэнчээр зүтгэсэн хэдэн генерал, адмиралууд байгаа вэ ? гэж асууж болох юм. Тэд маш олон бөгөөд бүгдийг нь тоолох боломжгүй. Куликовын тулалдаан амь үрэгдсэн Юрий Мещерский вангийн цэргийн ахлагч тайж Андрей Черкизов, Их Петр хааны хамтран зүтгэгч генерал-адмирал Ф. Апраксин, фельдмаршал С. Апраксин нар монгол-татаар угсаатай байсан.
Мөн түүхчид хийгээд хэл шинжлэлийнхэн Кутузов, Ушаков, Тухачевский нарын монгол-татаар угсаа гарваль эргэлздэггүй.
Монгол-татаар угсаа оросын адмирал А.В. Колчакад ч бий. Кольчакын удмаас хамгийн анх нэрд гарсан төлөөлөгч бол туркийн армийн молдавын фронтын командлагч, хожим нь Хотины цайзын комендант болж оросын фельдмаршал Х. А.Минихыг олзлон авч байсан Османы цэргийн жанжин Илиас Колчак-паша юм. Дайн дууссаны дараа Польшид суурьшиж, 1994 онд түүний удмынхан Орост нүүн ирж, үнэн алдарт шашныг авчээ.
Манай үед нэр алдар нь түгсэн монгол-татаар угсаа гаралтнууд маш олон: ЗХУ-ын баатар, зохиолч
Мусса Джалиль, дуучин Земфира, Алсу, Альберт Асадуллин, Дима Билан, Гоша Куценко, Татьяна Буланова, оросын яруу найраг, хөгжмийн зохиолч, продюсер Юрий Шевчук нарыг дурдаж болно.
Жүжигчдээс: Чулпан Хаматова, Марат Башаров, Рената Литвинова, Талгат Нигматуллин, жүжигчин, найруулагч Сергей Шакуров, найруулагч Марсель Салимжанов, тамирчдаас Олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга Алина Кабаева, 1988 онд дэлхий №1 хөл бөмбөгчид болсон Ринат Дасаев нар;
Урлагийн салбарт: алдарт бүжгийн жүжигчин Анна Павлова, Галина Уланова, Ольга Спесивцева, мөн Рудольф Нуриев, хөгжмийн зохиолч Александр Николаевич Скрябин, Сергей Иванович Танеев нар;
Засгийн Газарт буддын “чойг” нэрийг авсан Батлан Хамгаалахын сайд Шойгу Сергей Кужугетович, Оросын Дотоод Хэргийн яамны сайд байсан Рашид Гумарович Нургалиев, мөн Москвагийн мээр Собянин нар байна. “Собян” гэдгийг хэл шинжээчид монгол-татаарын “сабан” буюу “анжис”, “сабанчи” буюу “газар хагалагч”, “анжсаар хагалагч” үгнээс үүссэн гэж үздэг. Мөн Москвагийн Засгийн Газар дахь Москвагийн мэрийн Хот байгуулалт, барилгын асуудал хариуцсан орлогч дарга Марат Шакирзянович Хуснуллин байна.
П.А.Бадмаев
Буриад Петр Александрович Бадмаев (Жамсаран) (1851-1920) түвд эмнэлгийн эмч, “Жуд ши” судрыг орос хэл рүү хөрвүүлсэн, III Александр хаанаас загалмай хүртсэн, II Николайн гэр бүл болон Григорий Распутиныг эмчлэгч, Төвд, Монгол, Хятадыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэж Оросын хаадыг ятган үнэмшүүлсэн гол хүн. III Александр хаанаас Төрийн жинхэнэ зөвлөх, генералын хэргэм хүртсэн. 1875 оноос Оросын Гадаад Яамны Азийн департаметад алба хааж байв.
А.В.Вампилов
Буриад Александр Валентинович Вампилов 1937 оны 8 дугаар сарын 19-нд Эрхүү мужийн Кутулик дүүргийн төвд төрсөн. Вампилов 70 орчим өгүүлэл, жүжиг, тэмдэглэл, фельетон бичсэн. Москвагийн Ермоловын нэрэмжит театр, Станиславкийн нэрэмжит театр, Ленинградын Жүжгийн Их Театр болон оросын бусад театрууд Вампиловын нийт 17 жүжгийн найруулан тавьжээ.
1983 онд түүний “Том хүү” дуурийг Москвагийн К.С.Станиславскийн болон В.И.Немирович-Данченко-гийн нэрэмжит Хөгжмийн Академик театруудад тавьжээ. Түүчлэн Вампиловын бүтээлээр 12 кино хийсэн байна. 2007 онд Москвагийн “Табакерка” театрын үүдэнд Александр Вампиловын хөшөөг байрлуулжээ.
Ингээд Оросын түүхийн монгол-татаарын үетэй холбоотой Москвагийн гудамжуудын бүрэн бус жагсаалтыг танилцуулъя:
Ангарская, Атарбекова, Арбатецкая, Байдукова, Батайская, Большая Ордынка, Большая Татарская, Иркутская, Калмыков, Коцубинского, Кустанайская, Малая Ордынка, Мининский переулок, Мусы Джалиля, Нарышкинская аллея, Нарышкинский проезд, Новокрымский проезд, Орлово-Давыдовский переулок, Татарская, Тимура Фрунзе, Тимуровская, Тюменская, Тюменский проезд, Тютчевская аллея, Уваровский переулок, Ухтомская, Ухтомский переулок, Ферганская, Ферганский проезд, Фрунзенская 1-2-3-я улицы, Фрунзенская набережная, Чапаева, Чапаевский переулок, Чернышевского, переулок, Чернышевского, Челюскинская, Черкизовская 3-я, Чертановская, Шереметьевская, Шереметьевское шоссе, Шувалова зэргийг дурдаж болно.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
-
2017 оны 4 сарын 19
20 гаруй жилийн тэртээгээс АНУ-ыг зорин ирж ажиллаж амьдарч буй монголчууд эхний үедээ бусдын бизнес дээр өөрсдөө мөнгө олохын тулд ажиллаж байсан бол, сүүлийн жилүүдэд өөрсдийн бизнесээ босгож өөртөө мөнгө олохын тулд ажиллаж эхэллээ. Монголчуудын алив зүйлд ”дасан зохицох чадвар”, ”ажлыг хурдан хугацаанд сурч, аргыг нь олдог чадвар”, ”бусдын удирдлага дор удаан ажиллахыг хүсдэггүй чанар”, ”ямагт бусдаас өөрийгөө илүү гэж үнэлэх үнэлэмж”, ”бусдаас дутуу явахыг хүсдэггүй бардам зан”-гууд үүнд нөлөөлсөн. АНУ-д ирж суурьшаад 50, 100 магадгүй 200 жил болсон бусад үндэстэн цагаачидтай харьцуулах юм бол энэ нь мундаг үзүүлэлт. Тэд бол өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн бизнесийн зах зээл дээр өрсөлдөж сурч буй монголчууд хэмээн би хувьдаа бахархан үнэлж явдаг юм. Тэд бол ”урвагч”, ”хувиа бодсон”, ”новшийн хүмүүс” огтхон ч биш бөгөөд, тэд бол дэлхийн хэмжээний ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” болж эхэлж байна. Монголчууд бид ч, Монголын ЗГ-ч одоо тэднийг өөрөөр харж дүгнэн, үр дүнтэй ашиглан хамтарч ажиллах цаг нь болжээ.
”United Mongolia” ТББ-аас хэрэгжүүлж эхэлж буй ”Бизнесийн төсөл”ийн хүрээнд 2017 оны 2 сарын дундаас сар гаруй хугацаанд АНУ-ын монголчууд олноороо ажиллаж амьдардаг 8 хотуудаар явж ”Бизнесийн мэдээлэл” цуглууллаа. Нийтдээ 12 000 мил зам туулж олон, олон бизнесмэнүүдтэй уулзаж ятгасан энэ аялал амаргүй байсан. Олон хүмүүс энэ зорилго дээр минь болгоомжлонгүй хандаж байв. ”Надад ямар ашигтай юм бэ?”, ”Та нар хаанаас яаж санхүүжиж байгаа юм бэ?” , ”Энэ хэнд хэрэгтэй гэж?”, ”Бид ер нь нэгдэж, хамтран ажиллаж чадах болов уу?”, ”Би өөрийгөө л аваад явж байгаа болохоор бусдад гайхуулаад байх юм алга” гэхчилэн эргэлзэж тээнэгэлзсэн, хардсан, заримдаа дургүйцсэн олон хүмүүсийн өөдөөс ”Тэнгис далай шиг том бизнесийн энэ зах зээл дээр бид өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтарч нэгдээд бусадтай өрсөлдөх хэрэгтэй байна”, ”Та бидний зовж зүдэрч байж олж авсан бизнесийн туршлага маань бусад монголчуудад хэрэгтэй байна”, ”Бид бизнес хийж мөнгөтэй болох хэрээрээ эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ. Магадгүй энэ нь Монголын хөгжилд тус дэм болноо” хэмээн учирлаж тайлбарласан. Олон монголчууд биднийг талархан хүлээж авч, дэмжин урам өгч байсан шүү. ”Сэтгэлд гал байхад зууханд гал олддог” юм билээ. ”Явсан нохой яс зуудаг”ийн үлгэрээр, 112 бизнесийн мэдээлэлтэй гэртээ ирэхдээ бид маш их баяртай байлаа.
* Нэг: МЭДЭЭЛЭЛД ОРОЛЦСОН 112 БИЗНЕС ДЭЭР ЗАДАРГАА ХИЙЖ ҮЗВЭЛ:
*хотуудын нэр *oролцсон бизнесийн *үүн дотроос голлосон * тоо * хувь
тоо, нийт хувь бизнес
1. Бэй Ареа орчим 21 18.8% ресторан, зоогийн газар 8 38,1%
2. Вашингтон ДС орчим 20 17.9% чулууны бизнес 7 30,4%
3. Денвэр 18 16.1% хумсны салон 8 44,4%
4. Сиэтл 17 15.2% барилга 8 47,1%
5. Чикаго 16 14.3% ресторан, зоогийн газар 3 18,8%
6. Лос-Анжелес 14 15.2% тээвэр зууч 3 21,4%
7. Салт Лайк 4 ресторан, зоогийн газар 3 75,0%
8. Сакраменто 2 ресторан, зоогийн газар 1 50,0%
* Mэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн голлох төрлүүд, эзлэх хувь:
1. Ресторан, зоогийн газар 19 17%
2. Барилга 14 12,5%
3. Хумсны салон 9 8%
4. Тээвэр зуучлал 9 8%
5. Чулууны бизнес 8 7,1%
6. Хими цэвэрлэгээ 7 6,3%
7. Авто машины засвар 6 5,4%
8. Үл хөдлөх хөрөнгө зуучлал 6 5,4%
*Мэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн эздийн насны ялгавар:
25-35 хүртэл насны 21.4%
35-45 хүртэл насны 52,7%
45 -аас дээш насны 25,9%
Эдгээрээс гадна: мэдээллийн технологи, хуульч, үсчин гоо сайханч, бариа засал массаж, аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг салбруудыг орууллаа. Хэдийгээр өөрийнх нь бизнес биш боловч монголчуудад үйлчлэх хэрэгцээг нь харгалзан, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон автомашины борлуулагчдыг ч бас оруулсан юм.
*Aнхаарах зүйл: Энэ нь бидний мэдээлэлд оролцсон бизнесүүдийн хэмжээнд гаргасан харьцуулалт бөгөөд нийт хэмжээгээр нь авч үзвэл өөр үзүүлэлт гарна. Хэдийгээр бид энэ удаад дээрх хотуудаас 112 бизнесүүдийг ятган оролцуулж чадсан боловч, нийтдээ 200 гаруй бизнесмэнүүдтэй уулзаж ярилцлаа.Энэ удаад оролцоогүй боловч ”дараагийн удаад заавал оролцоно” гэж учирласан бизнесмэнүүд болон ерөнхийд нь анзаарч ажиглахад Вашингтон ДС орчимд чулууны болон барилгын, Чикаго хот орчимд хумсны салон, тракны болон таксины үйлчилгээ, Денвэрт хумсны салон, Сиэтл хотод барилгын болон цэвэрлэгээний, Лос-Анжелест ресторан зоогийн газар болон тракны, Бэй-Ареа орчимд ресторан зоогийн газар, хими цэвэрлэгээний, Салт-Лайке болон Сакраментод ресторан зоогийн газрын чиглэлийн бизнесүүд зонхилж байв.
Хот болгонд монголчуудын ажиллуулж буй ресторан зоогийн газрын бизнесүүдийн ихэнх нь Японы ”суши ресторан” -ууд байсан нь сонирхолтой санагдсан. Биднийг Чикаго хотод ажиллаж байхад ”Өнөөдөр манай Чикагод 56 дахь хумсны салон нээлтээ хийлээ” хэмээн ярихыг сонсож байв. Тэгэхээр АНУд бизнес эрхэлж буй монголчуудын тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэсэн үг. Сиэтлд барилгын бизнес эрхэлж буй Баяраа бизнесийн орлогоороо Ховд аймгийн Манхан сумд ХАА, аялал жуулчлал хосолсон цогцолбор байгуулж, Денвер хотод хими цэвэрлэгээ, хумсны салон ажиллуулж буй Батнасан, Мөнхтуяа нар Улаанбаатар хотод ”Офицер таун” нэртэй орон сууцны хороолол барьж байгуулж байна. Ийм сайн жишээнүүд олон байгаа.
*Хоёр: СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Алив зүйлийг сургаар, баримжаагаар ярьдаг монголчууд бид мэдээлэл судалгаагүйгээр цаашид хөгжих аргагүй. ”Тэнд тийм бизнес хийдэг хүн байдаг гэнээ” гэдэг сургаар бид бие биенийхээ бизнесийг дэмжих боломжгүй. Хүн болгоны дотор бие биенээ дэмжих санаа байвч, ”сачий” нь болох мэдээлэлгүйгээр яаж дэмжих гэж? Ядаж л нэг хотод аялж очихдоо тэр хотод байдаг ”монгол хоолны газар” болон бизнес, үйлчилгээний газруудын мэдээллийг ашиглан ”Хүний нохой идэхээр өөрийн...” гэсэн сэтгэлээр очоод л үйлчлүүлнэ. Бие биетэйгээ танилцаж санаа бодлоо солилцон, туршлагаа хуваалцана.
”United Mongolia” ТББ-ын дэргэдэх ”Шинэч” Мэдээллийн групп АНУд бизнес эрхэлж буй монголчуудын ”Мэдээллийн нэгдсэн сан” г бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
1. Эхний 100 гаруй мэдээллүүдээ төрөлжүүлэн нэгтгэж энэ оны эхний хагаст ”Шинэч” нэртэй сэтгүүл болгон хэвлүүлж Монголд болон АНУд тараах юм. Энэ сэтгүүл нь АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын ”түүх” болж үлдэх учраас хүмүүст ”дурсамжтай” гэдэг талаас нь харж байна.
2. АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллүүдийг төрөлжүүлэн тусдаа веб сайт бүтээн онлайнд байрлуулан олон нийтэд хүртээмжтэй байдлаар ашиглахаар төлөвлөж байна. АНУдахь монголчуудын бизнес болон ”Монголчуудын Холбоо” , ”Монгол сургуулиуд”, ”Соёлын төв”,”Олон нийтийн байгууллагууд, холбоод”ын мэдээллүүдийг хамтатган нэгтгэснээр хялбаршуулсан мэдээлэл болох ”Yellov page” үүсгэн, бүх монголчууд ашиглах боломжийг бий болгоно.
Ийм мэдээллийн санг бий болгосноор:
- АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын талаар ЗГ болон ЭСЯ-дууд, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд зөв ”бодлого” боловсруулан хэрэгжүүлэх боломжтой болно.
-АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд бие биенээ дэмжиж хамтран ажиллах боломжууд бий болж, алсдаа АНУын монголчуудын ”Нэгдсэн Холбоо” үүсэн байгуулагдаж, үр дүнтэй ажиллах суурь үүснэ.
-Гадаадад байгаа монголчууд болон Монголдоо байгаа монголчууд харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.
-Яг энэ туршлагаар Европ, Австрали, Азийн бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын ”Мэдээллийн нгэдсэн сан” г бий болгож болно.
*Гурав: ХОЛЫГ ХАРЦГААЯ
-3 сая хүн амтай, өргөн уудам газар нутаг, өгөөмөр их баялагтай монголчууд бид 27 жил өөрийнхөө нутаг дээр өөр хоорондоо өрсөлдлөө. Биднийг жижигхэн зах зээл дээр хооронд нь ”зодолдуулаад” байх сонирхол урд хойд хоёр хөршид минь адил буй. Жижиг зах зээл дээрх бидний өрсөлдөөн улстөртэй хутгалдаж, зах зээлийн төрлүүдийг хуваан эзэгнэсэн улстөрчид, өөрсдийн бизнесүүддээ зориулан хууль дүрэм журмыг гаргах болсноор, энгийн иргэдийн бизнес эрхлэх боломжууд хумигдсаар байна. Тэгэхээр бид гадаад ертөнц рүү, дэлхий рүү хараачлах хэрэгтэй болжээ. Гадаадад өөрсдийн бизнесээ эрхэлж буй монголчуудад ТУРШЛАГА байна, харин танд МӨНГӨ байгаа бол, энэ боломжуудаа нэгтгээд хамтран ажиллаж ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?
-Дэлхийн бизнесийн зах зээл дээр ”Мэдээллийн Технологи” буюу soft ware ноёрхож эхэлж байгаа энэ үед гадаадын улс орнуудад ажиллаж буй 200 орчим IT монгол инженерүүд, бизнес эрхэлж буй цөөн биш IT компаниуд байгаа нь монголчууд бидний хувьд том боломжууд мөн. Монголчууд бид гадаад болон дотоод зах зээл дээрх бизнесүүдээ нэгтгэн ”Мэдээллийн Технологи”ийн инженер залуустайгаа хамтран ажиллавал, дэлхийн бизнесийн зах зээл дээр ”хоцрогдсон” цаг хугацаагаа нөхөж амжих болно.
-Гадаадын улс орнуудад дэлхийн хэмжээний бизнес эрхэлж буй монголчуудаа ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” хэмээн үнэлж дэмжих ахул, олон олон орнуудад бизнесээ өргөжүүлэн ”саятан”, ”тэрбумтан”гууд болох монголчууд хэзээ нэгэн цагт Монголдоо ”ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” хийцгээх болно. Магадгүй Монголын хөгжилд гаднаас нь нөлөөлөх боломж байна гэж бид хараад байна л даа. Тэгэхээр бид ”ЖАЛГЫН” сэтгэлгээнээсээ ангижирч, ”ДЭЛХИЙН” хэмжээнд сэтгэх шаардлагатай болж байна.
*ТӨГСГӨЛ:
”United Mongolia” ТББ-ын ”Шинэч” мэдээллийн группын энэ удаагийн багт сэтгүүлч Э.Бүжинлхам, хэвлэлийн дизайнер, фото зурагчин Эрдэнэбат, жолооч фото зурагчин Баттулга нар ажилласан юм. Энэ аялалыг минь чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан олон монголчууддаа маш их баярлалаа. Энэ баг маань ”Шинэч” сэтгүүлийн эхийг бэлтгэж, Б. Одхүү нар веб сайт дээр ажиллаж байгаа. Бид энэ ажлуудаа наадмаас өмнө дуусгах гэж хичээж байна.
Наадмын дараа бид дахиад л аялалдаа гарах юм. Бидний тооцоолж байгаагаар 300 орчим монгол эзэнтэй бизнесүүд байгаа. Тэгэхээр ”Шинэч” сэтгүүл минь 3 дугаар гарах байх. Бас веб сайтын мэдээллүүдээ эмхлэнэ. Та нар минь биднийг ойлгож дэмжих ахул бид бүх зүйлийг төлөвлөснөөрөө маш сайн хийх болно. Одоо бол бидэнд туршлага бас итгэл найдвар байна. Мэдээж та нараас авч буй бага хэмжээний хураамж, энэ бүх ажлуудыг гүйцэлдүүлэх санхүүжилт болж байгаа шүү.
Яг үнэндээ 330 сая хүн амтай Америкийн зах зээл дээр 3 сая монголчууд бүгдээрээ нэгдээд зүтгэхэд ч хүрэлцэнэ. Нэгэн буланд бөөгнөрөөд өөр хоорондоо өрсөлдөх хэрэг юун? Бие биенийхээ бизнесийн үйлчлүүлэгчийг ”булааж”, үнийг нь унагаж байгаа үзэгдэл нь ”Жалга” сэтгэлгээний л илрэл. Бид алдаагаа засаад сайн тал руу хандахад бидний одоо хийж буй энэ төсөл маш том дэмжлэг болно.
Энэ бүхэн ”Хэнд хэрэгтэй вэ?” гэж үү? Монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанд хэрэгтэй. Нэг хүн хичнээн мундаг байгаад, бусдын дэмжлэг урамгүйгээр хэн ч биш. Мэдэж чадаж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байх нь их ач тус буян юм шүү дээ. Хэрэв бид ийм зах зээл дээр дэлхийн жишгээр өрсөлдөж, бүтээж сурвал та бидний үр хүүхдүүдэд бахархал, бас боломж болон үлдэнэ. Тэд бидний эхлэлийг үргэлжлүүлээд л аваад явна. Монголчууд бид нэгэн цагт дэлхийн бизнесийн зах зээл дээр гайхуулах ч юм бил үү? Монголчууд бид ”ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 17
...Эрдэнэг тултал нь ”түмсэгдэнэ”. Шонхорын сүлжээгээр бий болсон үүрийн дарга нараар жорлон цэвэрлэх үмхийтэй холилдсон ажил хийлгэнэ. Сонгууль дуусаад С.Эрдэнэгээ АТГ-д хаяж өгөөд Юса Христ Галиль нуурын эрэг дээр олон түмэнд дахин үзэгдэв гэдэг шиг АН-д 12 дагагчтайгаа ирж аврагч болох төлөвлөгөөтэй гэмээр байдаг...
-
2017 оны 4 сарын 17
МАНАН-гийн бодлого нуран унаж, эдийн засаг, нийгэм сүйрлийн байдалд орж, тэдний арчаагүй мөн чанар тодорхой бөгөөд ойлгомжтой болохын хэрээр ард түмний дургүйцэл, тэмцэл асар их нэмэгдэж байна. Ард түмний дургүйцэл иргэний байгууллагуудын идэвхижлээр илэрч байна.
-
2017 оны 4 сарын 17
Үе үеийн Засгийн газрууд утаатай тэмцсээр ирсэн. Гэхдээ ам, ажил хоёр нь хол зөрдөг гэдгийг нийслэлийн захын нэгэн иргэн хэлнэ. Жилийн жилд хоолой хорсгосон хорт утаанаасаа салах талаар ярьдаг ч хоосон ажил болсоор байдгийг дараах тоон үзүүлэлт бэлхэнээ харуулна.
-
2017 оны 4 сарын 17
...Хүн хэний төлөө, юуны төлөө хөдөлмөрлөдөг вэ? Олон хүмүүс ”Эх орныхоо төлөө”, ”бусдын төлөө”, эсвэл ”хэн нэгний төлөө” хөдөлмөрлөдөг гэж бодох авч яг үндсэндээ ”Өөрийнхөө төлөө” л хөдөлмөрлөдөг юм шүү дээ. Чи ажил хийж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл худалдан авч, гэр бүлийнхээ санхүүжилтыг шийдэж, бас дотно хэн нэгэндээ туслах боломжтой болно. Хэрэв та ажил хийдэггүй, орлого олдоггүй бол амьдрал тань ямар байхыг төсөөлөөд бод доо. Та өөрийн орлогогүй байлаа ч таны хэрэглээ тань алга болохгүй болохоор заавал мөнгө хэрэг болдог. Нэгэнт өөрийн орлогогүй болохоор шаардагдаж байгаа мөнгөө олохын тулд бусдаас зээлнэ, хэрэв зээлж чадахгүй бол мөнгө олж болох ”муу аргууд” л санаанд тань бууна. Чухам эндээс л таны амьдралын тарчлаантай, бухимдалтай асуудлууд үүсдэг юм даа. Энд таны харааж зүхээд байгаа улстөр, амьдрал хэцүү байхад тусалж дэмжсэнгүй хэмээн гомдож буруутгаад байгаа ах дүүс, боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ мөнгө зээлээгүй найз нөхөд, танил хүмүүс ч буруугүй, харин ажил хийхийг хүсэхгүй байгаа та өөрөө л буруутай.
Хэрэв та дэлгүүрийн худалдагч хийж байгаа бол, таны зарах гэж хичээж байгаа бараа бүтээгдэхүүнээс худалдаж авч байгаа хүн болгон таныг санхүүжүүлж байгаа санхүүжүүлэгч. Тийм болохоор та тэднийг хүндэтгэж, тэдэнд талархсандаа тэдний өөдөөс инээмсэглэж байх учиртай. Хэрэв та мужаан хийж байгаа бол, танаар тавилга захиалан хийлгэж байгаа хүн болгон үйлчлүүлэгч төдийгүй таныг санхүүжүүлэгч мөн. Тэгэхээр та тэр хүний хүссэн тавилгыг маш чанартай хийж өгөх ёстой. Хэн ч мөнгөө дэмий зүйлд зарцуулахыг хүсдэггүй. Хэрэв та таксины жолооч хийж байгаа бол таны таксиг сонгон сууж буй үйлчлүүлэгч болгон таны үйлчлүүлэгч, бас санхүүжүүлэгч. Тэр хүний танд төлсөн мөнгөөр та гэртээ талх худалдан авдаг учраас тэр хүнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байх учиртай. Төрийн албан хаагчид өөрөөр тань үйлчлүүлж байгаа хүн болгонд талархан баярлаж, хүссэнээр нь үйлчилж байх үүрэгтэй Учир нь та тэдний татварт төлж буй мөнгөөр цалинжиж байгаа юм. Хэрэв иргэд татвар төлдөггүй бол хэн таныг энэ албан тушаалд томилж, цалинжуулах билээ.
Олон хүмүүс өөрийн ажиллаж буй үйлчилгээний газрын эзэн, үйлдвэрийнхээ дарга нарын төлөө ажиллаад байгаа гэж андуурдаг учраас чин сэтгэлээсээ ажилладаггүй бас үргэлж цалингаа чамлаж байдаг. Үйлчлүүлэгчийн төлж буй мөнгөний дүнг анзаарахдаа эзэн болон дарга нар нь ”баяжаад” өөрөө хөдөлмөрөө ”шулуулаад” байгаа юм шиг санах. Тийм арчаагүй сэтгэхүйн улмаас үйлчлүүлэгчийн өөдөөс ярвалзаж, даргаа далдуур муулж суудаг. Бизнесийн эзэд өөрийн тань өмнөөс маш их хариуцлага үүрч байдаг төдийгүй орлого нь сайжрахгүй бол таны цалинг нэмж чадахгүй. Та ажлаа тараад гэртээ шууд харьдаг, цалингаа аваад өөр юунд ч санаа зовинодоггүй бол, бизнесийн эзэд байрны түрээс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт хамгаалалт, ЗГ-ын хяналт шалгалт, орлого зарлагын тооцоо, татвар даатгал, бүх л эрсдэлийг хариуцаж байдаг. Хэрвээ та нар ойлголцож, хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж чадвал орлого нь дээшилж, таны ч цалин нэмэгдэх болно, бас хэн хэндээ сэтгэл хангалуун итгэлтэй болдог. Зарим хүмүүс өөрийн хамаатан садныхаа бизнест ажиллаад давуу эрх мэдэл, бас өндөр цалин шаардана. Бизнесийнх нь эрсдэл зовлонг мэдэхгүй мөртлөө, ажиллана гэж ”гурилдчихаад” ”тусгай хангамж” хүсэн муудалцдаг. Яг үнэндээ бизнесийн зарчимд ”ах дүүс”-ийг тусгайлан харж үзэх зарчим байдаггүй. Хэн ч бай ялгалгүй яг адилхан зарчим үйлчилдэг. Сэтгэл тань дутвал заяа тань адилхан дутна.
Хэрвээ чи сайхан амьдрахыг хүсч байгаа бол ”алгаа ташилгүй” гээр ажил олж хий. Олж хийсэн ажилдаа сэтгэлээ шингээгээд, үйлчлүүлэгчдийг хүндлэн тэдэнд талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илчилж бай. Хэрэв тэгвэл алтан гулдмай, их мөнгөний зураг, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийг нүүр ном дээр шейрлэхгүйгээр ”баяжиж”, бас сайхан амьдарч чадна. Өөрийг тань ажилд авсан хүндээ үнэнчээр ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн тухай санаа бодлоо хуваалцан арга замыг хамтдаа эрж бай. Хэрэв тэгвэл заавал лам дээр очиж арга засал хийлгэн ном уншуулалгүйгээр, бөө бөөлүүлж хувь заяагаа даатгалгүйгээр, өрнө дорны зурхай уншин санаа алдан мөрөөдөлгүйгээр өөрийн хувь заяагаа өөрөө мэдэн удирдаж чадах болно. Амьдралд буй олон боломжуудыг мэдэрч, өөрийн сайн чаддаг, баяр бахдалтайгаар хийж чадах ажлаа сонгож чадвал та аз жаргалаар дүүрэн байх болно. Эргэн тойрноо баяр баяслаар дүүрэн харж, өөрт тань атаархсан хүмүүсийн өөдөөс инээмсэглэн уучилж, өглөө болгон зорилготойгоор сэрж, үдэш болгон өөртөө сэтгэл хангалуун амгалан унтаж чадах болно. Зүгээр л энэ амьдрал утга учиртайгаар ойлгогдож, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун болж, өөртөө маш их итгэлтэйгээр өөдрөг сайхан амьдарч чадах болно.
...Хүн хэний төлөө юуны тулд хөдөлмөрлөдөг гээч? Зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг. Сэтгэлээ шингээсэн хөдөлмөр зүтгэл тань эх орны хөгжилд ч, бусдын сайн сайханд ч тус дэм болдог.”Бусдын төлөө хөдөлмөрлөж буй” гэх хүйтэн сэтгэхүйгээс л ”хамартаа баас түрхсэн” юм шиг ярвалзаж, хамаг хүмүүсийг өмссөн зүүснээр л ялгаварлан шоолж, далдуур муулж ярих хэрнээ даргынхаа нүдэн дээр нь ”үнэг шиг шарвалзан” зусардаж, мөнгөний төлөө хуурамч өнгөөрөө ”биеэ үнэлж”, энэ хорвоогийн ”хуурамч”-ын талаар ам мэдэн бурж суудаг төрхүүд үүсдэг юм даа. ”Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж мэтгэлцэхгүй ч, ”Хөдөлмөр хэнийг ч хүн болгон төлөвшүүлдэг” жишээг бид өдөр тутам харж байна. Бас ”Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” бичигдээгүй хуулинд ч бид захирагдаж байгаа. Хүнд их мөнгө ”тэнгэрээс гэнэт унаж” ирдэггүй, их тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олддог. Хамгийн амттай зүйл юу гээч. Өөрийн тань шингэсэн сэтгэл, урссан хөлснөөс бий болсон мөнгө. Дэндүү амттай бас сайхан даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 13
Хэд хоногийн дараа (1962.04.20), МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн 55 насны ой болно.
Өнөөдөр С.Зоригийн амийг хохироосон хэрэгт шийтгүүлээд байгаа иргэдийн гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх дээр нийгэм олон нийтийн санал хуваагдсан байдалтай байна.
Мөн МУ-ын ерөнхий прокурорын зүгээс ЦЕГ ба ТЕГ-ын хамтарсан бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарган дээрх улс төрийн шинж чанартай гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэх үүргийг өгөөд байгаа билээ.
Дээр хэлсэн эргэлзээг тайлах үүднээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс сэдэлт гаргаж, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцлалаас хасч, иргэд олон нийтэд танилцуулсан.
Үүний дараа, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон зарим хуульчид ТВ ба бусад мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдэгдэл хийв.
Гэтэл одоо эргээд Ц.Нямдоржийн эсрэг компанит ажил янз бүрийн сувгаар хийгдэж байна.
Ингэж олон тал болон улс төржин тэмцэлдэх нь уг гэмт хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд маш их саад учруулна гэдгийг санах хэрэгтэй.
Энэ хэргийг захиалсан этгээдүүд нь хөрөнгө мөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй, хүчирхэг бүлэглэд хамаарагддаг этгээдүүд болохыг төвөггүй ойлгож болох бизээ.
Миний ажиглаж байгаагаар, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө уг хэргийг илрүүл гэж шахснаар яаран сандран гэмгүй иргэдэд хилсээр ял өгсөн болов уу гэх эргэлзээ байх шиг байна.
Нөгөө талаас С.Зориг нь одоо ч улс төрийн нэр нөлөөтэй хэвээр байгаа учир ерөнхийлөгчийн сонгуульд Намууд энэ хэргээр сөрөг этгээдээ цохих хэрэгсэл болгон ашиглах бодлого барьж байхыг ч үгүйсгэж болохгүй юм
Бас манай хууль хүчний байгуулагуудын гэмт хэрэг илрүүлэх арга технологи бүрэн хөгжчөөгүй, хөгжлийн явц дундаа байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг дээрх гэмт хэргийн гүйцэтгэгч нарыг ялласан болоод, уг хэргийг улсын нууцад хамруулан 25 жил хав дарна гэж бол байхгүй байхаа.
Учир нь УИХ-д тогтоол гарган, дээрх хэргийг нууцлалаас хасч, олон нийтэд нээх бүрэн эрх нь байгаа юм. УИХ энэ ажлаа хэзээ ч хийж болно.
Товчоор хэлбэл: УИХ-д 65 гишүүнтэй олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт энэ эрх байгаа юмаа.
Энэ хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд саад болохооргүй, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдаж, улс төрийн тогтворгүй байдал савалгаа үүсгэхээргүй, бас мөрдөн шалгах ажилгааны арга технологийн нууцыг задруулахааргүй байх нөхцөлтэйгөөр орон зай цаг хугацааны тохиромжтой үеийг тааруулан УИХ-аас тогтоол гарган дээрх хавтаст хэргийг нууцлалаас хасч нээлттэй болгож болох буй заа.
Үүнээс өмнө, улс төр халсан энэ цаг мөчид, бие биенийхээ эсрэг янз бүрийн мэдэгдэл хийж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд хэрэгтэй бэ?
Ц.Нямдорж гуайд хандаж хэлэхэд: Наадмаар юмуу, Цагаан сараар ард иргэдийг уужуу, тайван болсон үед тогтоолоо гаргаж, уг хавтаст хэргийг нууцлалаас нь хасч, олон нийтэд дэлгэнэ гээд амалчих.
Тэрнээс наана бүгд хийдгээ хийцгээж, амьдардагаараа амьдарцгааж бай гээд хэлчвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайтаж, хэн хэнийхээ мэдэрлийн эд, эсийг үхүүхэхгүй амгалан тайван болох буй заа.
Мөн энэ гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэхээр ажиллаж байгаа Прокурор ба мөрдөгчдөөс шүүхэд шилжүүлсэн өмнөх хавтаст хэргийг чинь хэзээ нууцлалаас хасч дэлгэх бэ? тохиромжтой хугацаагаа хэл гэсэн ч болно шүү дээ.
Улс төр бол нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар аж. Нямка энэ шинжлэх ухааны тогоонд 20 гаруй жил чанагдсан хүн тул нилээ боловсорсон байх ёстой.
ЖИЧ: Булганыг бүтэн жил хорьчоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд оруулсангүй гэдэг хүмүүст хандаж хэдэн үг бичье.
Булганы тухай шалгаж мухарлахаар ноцтой баримт ба мэдүүлгүүд цугларчээ. Захиалга өгсөн хүмүүс нь Булгантай хамсаатан ч байж мэдэхээр аж.
Тиймээс Булганыг Шүүх хуралд оролцуулбал өөрт ашигтай байдлаар Шүүх хуралд нөлөөлөх мэдүүлэг өгч мэднэ гэх үндэслэлээр шүүх хуралд оруулсангүй.
Харин захиалгч нарын хэргийг Шүүх явцад Булганыг гэмт хэргийг нуун дарагдуулсан, хуурамч мэдүүлэг өгч төөрөгдүүлсэн, Мөн гэмт хэрэгт хуйвалдан оролцсон гэх мэтийн аль нэгээр түүнийг яллаж магадгүй юм.
-
2017 оны 4 сарын 12
...Хүн болгон оюуны бүтээлүүдийг бүтээж чаддаггүй. Авьяаслаг хүмүүс уран бүтээл хийх гэж маш их шаналцгаадаг. Ердийн хүмүүс 8 цагийн ажлаа хийгээд санаж бодох зүйлгүйгээр амарч чаддаг бол, оюуны бүтээл хийдэг хүмүүс энэ тухай маш их бодож, үргэлжид сэтгэн, шөнө ч унтаж чадахгүй зүүдэлж, өөр ажил хийж байлаа ч уран бүтээлийнх нь санаа сэтгэлийн орон зайд тэнүүчлэн холдож өгдөггүй. Ном бичиж буй хүмүүс маш олон материалуудыг уншиж судлан харьцуулж, зураг зурж буй хүмүүс сэтгэлд буй дүрслэлүүдээ зотон даавуун дээр өнгө будгаар буулгаж, кино бүтээж буй хүмүүс өгүүлэмжийн найруулга, зураг авалтын дүрслэл дээр өөрөө оролцон шаналж, хөгжмийн зохиолчид хөг аялгууны эгшигээ зүүдэндээ аялж байж бүтээцгээнэ. Энэ бүхэн тэдний оюун санааны дотоод ертөнцөөс амилан бүтэж, бусдын хүртээл болдог болохоор маш үнэтэй, бас давтагдашгүй. Хүн төрөлхтөн ийм хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай бүтээлүүдээр нүд, сонор, сэтгэхүйгээ баясган, амьдралын утга учрыг ухаарч, сэтгэлийн их цэнгэлийг эдэлнэ. Тийм болохоор ийм уран бүтээлүүд бүтээсэн эзнээ мөнхийн мөнхөд ”амьдруулж” тэдний суу алдрыг үргэлжид дуурсгаж байдаг юм даа.
Саяхан зохиолч Б.Сарантуяагийн бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа ”Самар хатан” романыг нь хэсэг хүмүүс ”хулгайн” аргаар, чанаргүйгээр хэвлүүлэн өөрсдөө худалдаж байсан нь илэрч хүмүүсийг ихэд бухимдуулав. Зөвхөн энэ ч биш олон олон зохиол бүтээлүүд хулгайн аргаар хэвлэгдэн, хулгайчид бусдын бүтээлээр ”хөлжиж” байгаа талаар хүмүүс жишээ аван нотолж эхэллээ. Сайн бүтээл болж, хүмүүс сонирхон олноороо худалдаж авч буй ийм номнуудын хэвлэлийн эхийг нь хулгайлан хямд, чанаргүй цаасан дээр дахин хэвлэж, түүнийг нь зохиогчийн зарж буй үнээр бусдад худалдан ашгаа хуваан авцгаадаг ”сүлжээ” бий болсон байдаг аж. Энэ сүлжээнд хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэх үйлдвэр, гар дээрээс борлуулагчид гэсэн дамжлагууд нэгддэг аж. Сүүлийн жилүүдэд хуучны болон өнөөгийн сайн зохиол бүтээлүүдийг Өвөр Монголд хэвлүүлэн, тарааж худалдах тохиолдол ч цөөн биш байгаа гэнэ. Б.Сарантуяа зохиолч энэхүү романыг бичих гэж ямар их шаналантай цаг хугацаанд ямар их хөдөлмөр зүтгэл зарцуулсныг бүтээлийг нь хулгайлагчид огтхон ч тоосонгүй. Цаг хугацаа зарцуулсан их хөдөлмөрийн өөрөө хүртэх ёстой үр шимийг нь зүгээр сууж байгаад хулгайлж авахдаа тэдний сэтгэл өвдөж зовсонгүй. Тэд мөнгөний төлөө хэнийг ч өрөвдөж хайрлахгүй, өөрөө зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох ад бишийн шунал нь өөрсдийнх нь хүн чанарыг ”араатан” болгон хувиргажээ.
”Би чамд хайртай-2” киноны уран бүтээлчид энэхүү киногоо АНУ-д буй монголчуудад үзүүлэх гэж хотуудаар явж байсан юм. Вашингтон ДС хотод гарах зар тараад хүмүүс үзэх гэж хорхойсож байх үед, уг кино гэнэтхэн интернэтээр гарснаар олон хүмүүс очиж үзээгүйг би мэдэх юм. Киноны уран бүтээлчдийн хамгийн том айдас нь киногоо үзэгчдэд үзүүлэх явцад бүтээлийнх нь хулгайлагдсан ”хуулбар” нь интернэтээр тараагдах үйлдэл аж. Интернэтийг мэдээлэл хайх эх сурвалж хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдөж, мөнгө олох эх сурвалж болж хувирсаны улмаас маш олон уран бүтээлүүд хулгайлагдсаар байна. Монголын болон Холливуудын олон кино нүүрном дээр ”Устахаас нь өмнө хурдан шейрлээд үзээрэй, лайк дарахаа мартав аа” гэсэн тайлбартайгаар гэнэтхэн гарч ирэхийг анзаарсан байх. Цахим ертөнц дахь шейр, лайкийн төлөөх улайрсан хулгайчдын үйлдэл энэ. Хууль бус ийм үйдлүүд нь ”илчлэгдэн” хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л ”амташсаар”. ”Олон хавар нэгэндээ” гэдэг сануулга байдаг даа. Холливүүдийн кинонууд АНУ-ын кино театруудаар тодорхой хуваарийн дагуу хэдэн сараар гарч, кинонд зарцуулсан зардлаа хэд дахин нөхөж чадсаны дараа л интернэтэд байршдаг. Тэдний уран бүтээлийг бишрэн хүндэтгэдэг үзэгчид, тэдний киног зөвхөн кино театруудад үзэхийг хичээж, үүнийгээ тэдний уран бүтээлийг дэмжиж буй дэмжлэг хэмээн ойлгодог аж.
Ардын язгуур урлагийн ”Хөсөгтөн” хамтлагийн АНУ, Канадаар аялан тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан MIYE Интернэт кино театрыг үүзгэн байгуулагч залуус гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан www.miye.mn сайтыг үүсгэн бага хэмжээний төлбөртэйгээр монгол кино болон бусад бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлж байгаа. Уг кинонуудыг үзэхдээ төлсөн төлбөр нь уг уран бүтээлийг бүтээсэн уран бүтээлчдэд хувь хишиг болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж. Монголчуудын оюуны бүтээлийг үнэлж хүндлэн, хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлэх боломжийг бусдад үлгэрлэн нөлөөлж байгаад нь тэдэнд талархаж байдаг юм. Ийм санаачлагууд олноор дэлгэрэх нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд бие биенийхээ уран бүтээлийг ”хулгайлах” бус ”хүндэтгэх” эхлэл, үргэлжлэл болох буйз.
Монголд ”Борооны дараах мөөг” шиг олширсон сэтгүүлчид, бусдын бичсэн нийтлэл болон мэдээллүүдийг шууд хулгайлан өөрийн нэрээр тавих, нүүр ном дахь хувь хүмүүсийн байршуулсан бичлэгүүдийг мэдээний эх сурвалж болгон ашиглах үйлдэл хэрээс хэтэрч буйг бид анзаарч байгаа. Ийм нэгэн үйлдлийн дараа бичлэгийг ашигласан сэтгүүлчтэй холбогдон зэмлэхэд ”Биднийг өдөр бүр сүр дуулиантай мэдээ заавал бичиж бай гэж даалгадаг юм. Гарчигийг нь аль болох сүртэй өгч байж олон хүмүүсийн анхаарлыг татах нь хандалтаараа цалинждаг бидний зовлон шүү дээ” хэмээн учирласан юм. Нээрээ анзаарах ахул ”Дэлхий даяараа монголчууд биднийг амьсгаа даран ажиглаж, үйлдэл бүрийг нь гайхашран шуугиж буй” мэт сэтгэгдэл төрөхөөр сүржин гарчигтай ядмагхан мэдээллүүдийн дунд бид хөөрцөглөж байна. Ашигласан эх сурвалжаа огт дурдалгүйгээр бусдын бичлэгүүд болон санааг нь ”хулгайлж”, өөрийн бүтээл мэтээр интернэтэд байршуулж байгаа нь бүдүүлэг хулгайлалт. Эдний ийм арчаагүй мэдээллүүдийн дунд бид зөв буруу, баруун зүүнээ ч ялгахгүй төөрч манарч байна даа. Итгэхэд ч хэцүү, итгэхгүй байх ч бүр хэцүү. Зөндөө олон тоглолт, клип, сонирхогчдын янз бүрийн бичлэгүүдийн ард хөгжмийн алдарт зохиолч Н.Жанцанноров гуайн ”Цагаан суварга”, Шарав гуайн ”Сэтгэлийн эгшиг” зэрэг уянгалаг аялгуунууд эгшиглэх нь олонтой. Зохиогчдоос нь зөвшөөрөл аваагүй л бол энэ бүхэн эрээ цээрээгүй хулгай мөн. Гэтэл энэ бүтээлүүдийг зохиогчид нь Монголдоо ”тэрбумтан” шиг амьдрахгүй л байгаа шүү дээ. Төр нь иргэдтэйгээ нийлээд хулгай хийгээд байхаар авьяастнууд нь үүдэнд сууж, тэнэг мунхагууд нь хойморт таахалзан тэнэглэх нь арга ч үгүй юм уу даа.
...Номыг нь амтархан уншиж, киног нь шимтэн үзэж, яруу найраг, хөгжмийг нь уяран хайлан сонсож, зурсан зургуудыг нь бахдан харж нүд баясгадаг Оюуны уран бүтээлчдээ амьдад нь хайрлаж, Оюуны мөчийг нь хамгаалцгаая. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илчлэх хамгийн том боломж нь тэдний уран бүтээлийг худалдан авч, тэдний уран бүтээлүүдийг мөнгө төлж үзэх дэмжлэг юм шүү дээ. Хэдийгээр их бага хэмжээтэй ч энэ мөнгө нь тэдний амьдралаа авч явах боломж, улам сайн уран бүтээл хийх боломж болон хувирдаг юм. Тэднийг Монголын Төр хурдан морины уяачдаас дорд үзэж байгаа бол ард олон бид өөрсдийн боломжоороо дэмжихэд л болно доо. Худлаа магтаж зусардахаас ядаж л бүтээлийг нь үнэлээд мөнгө төлж байхад хангалттай. Хулгайч нарын хулгайлсан уран бүтээлүүдийг хичнээн хямдхан байсан ч худалдаж авахгүй байх нь тэднийг дэмжиж буй дэмжлэгийн нэг хэсэг нь. Оюун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээн, аз жаргалтайгаар шаналан байж бүтээсэн тэдний бүтээлүүдийг, өчүүхэн олз ашгийн төлөө хулгайлан завшиж буй хулгайчдыг бурхан өршөөг, бас гэсгээг. Сайн урам зоригийг далласан сайхан цаг айсуй. Монголчууд бид бие биенээ амьдад нь хайрлая.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 11
Бат Хаан, Сүбээдэй нар Мажар, Хорватын нэгдсэн их хүчтэй тулсан нь
Нийтэлсэн: 2017-04-11 11:08:26
Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.
Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв.
... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.
***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг.
.
Б.Номинчимэд ”Эгнэшгүй нөхрийг олов” номоос...
.
Зураг 1:
Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.
.
Зураг 2:
Монгол дайчид Шайо голын гүүрийг дайрч байгааг харуулсан зураг. 1241.04.11-ий өглөө. (Гэхдээ энэ зураг эргэлзээтэй. Гүржийн Кура голын гүүрэн дээрх ч байж магад...)
.
Зураг 3:
Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11
.
Зураг 4:
Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор.
Мохийн тал. Мажар улс.
-
2017 оны 4 сарын 10
Чи хэн нэгнийг сониучирхан, зөвхөн ”өөрийн нүдээр” харж, ”ухаан алдатлаа” дурлан, салж хагацахгүйн тулд ”амьдрал” зохиосон шиг бусад хүмүүс ч яг тэгдэг. Гэртээ байгаа үнэ цэнэтэй тавилгуудынхаа адил хайртай хүнээ ”өөрийн өмч” мэт үзэн харамлан харддаг шиг, бусад хүмүүс ч адил тэгдэг. Бусдын дэргэд ухаалаг төлөв ”дүр бүтээх” гэж зовдог атлаа, өөрийн гэртээ орж ирээд л ”дураараа дургин, дун чөмгөөрөө жиргэдэг” шиг бусад хүмүүс ч тэгдэг. Өөрийгөө толинд харсан мэт дуурайх хүүхдүүдээ ”бусдын хүүхдүүдээс дор” явуулахгүй гэсэндээ аашилж зэмлэн, аргадаж учирладаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид ажил болон олон нийтийн газар бие биенээсээ ”дор орохгүй”-н тулд ”жүжиглэж” амьдардаг атлаа гэртээ орж ирээд хаалгаа хаасны дараа яг өөрийн бодит төрхөндөө айж ичилгүйгээр орно. Бидний бусдаас огт хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ амьдарч болох орон зай бол бидний гэр. Бидний амьдрал, гэртээ орж гэрийнхээ хаалгыг хааснаас хойш бодитоор өрнөдөг юм даа. Тэгэхээр чиний гэрийн хаалганаас цаана орших бусдын гэрийн хаалган доторхи амьдрал бол БУСДЫН АМЬДРАЛ.
Хүн болгон өөрийн боломжоороо амьдралаа авч явах боловч, бусдын амьдралыг заавал сониучирхдагаас ”хэрэгт дурлан”, хов живийг амилуулцгаана. ”Тэр тэгсэн гэнээ” гэдэг хэлцээр эхэлсэн элдэв хов жив, бусдын амьдралыг шүүн хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргах хүртлээ өргөжиж, ”Яадаг юм би шударгаар хэлнээ” гэсэн зоримог алхам дунд уг шийдвэрээ тэдэнд тулган зэвүүцэл болоод уйлаан гоморхолдоо хүрч төгсдөг. Өөрийн амьдралын элдэв асуудлаа өөрөө шийдэж чадахгүй хэрнээ, өрөөл бусдын амьдралд заавал оролцон сэтгэлийн их таашаал эдлэн, сүр хүч ухаанаа бусдад гайхуулахыг хүсэгчид даанч олон. Өөрөө арчаагүй хэрнээ өрөөл бусдад арчаатай байхыг сургадаг хүмүүс олширсноос л хов жив, хэрүүл маргаан дэлгэрч, хүмүүсийн сэтгэлийг хиртээж зовоогоод байдаг юм шүү дээ. Бусдын амьдралыг шүүмжлэн зохицуулахыг хүсдэг ер бусын хүсэл тачаалын гайгаар олон гэр бүлүүд маргалдан муудалцаж, тэр ч бүү хэл салж холдох тохиолдол зөндөө. Төрсөн ах дүүсийн дунд ч ”Загалмайлсан зохицуулагчид” тодорч, бүх л ах дүүсийнхээ амьдралд оролцон хянаж, ”өөрийн хүн”-ээ өмөөрөн шийдвэр гаргадаг тохиолдол нэг биш. Гэсэн атлаа салгаж бутраасан тэр гэр бүлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, тэдний сэтгэлийн зовлон шаналлыг ч бүр тоохгүй. Зүгээр л ингэж бах таваа хангадаг хүмүүс цөөн биш.
Бид нэг л зүйлийг ухаарч ойлгодоггүй. Чиний амьдралд элдэв асуудал тулгарч, уг асуудлаа зөвөөр шийдэхийн тулд ухаан зарцуулж, тэвчээр гаргадаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид гаднаас нь харж өөрийн дүгнэлтээрээ хандаад байдаг болохоос биш, тэдний хоорондох ээдэрсэн утасны зангилааны учрыг тэднээс өөр хэн ч мэдэж тайлдаггүй. Чамд бусдад хэлэхээс ичдэг, хэнд ч мэдүүлэхийг хүсдэггүй асуудал байдаг шиг тэдэнд ч тийм асуудал байгаа. Түүнийгээ тэд л өөрсдөө мэдэж шийдэж байх үүрэгтэй. Хайртай ах, дүүгийн чинь, эсвэл дотно найзын тань ханиараа сонгосон хүн чамд таалагдахгүй байгаа шалтгаан нь, чи уг хүнийг тэр хүний ”нүд, сэтгэлээр нь харж” чадахгүй, тийм боломжгүйд байгаа юм шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тэр хүнтэй гэрлэчихсэн юм шиг, эсвэл насаараа хамт амьдрах юм шиг бухимдан цухалдаад байх хэрэггүй. Тэд бие биенээ сонгож амьдарч байгаа болохоор заавал чамд таалагдах албагүй. Бусад хүмүүс өөрийн гэртээ ”лаагаа ч луувангаа ч идэж” байх нь, ”цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж” байх нь тэдний хэрэг бөгөөд энэ нь бусдад хамаагүй зүйл. Тэд өөрийн амьдралд тохиолдoж буй сайн муу асуудлуудаа өөрсдөө шийдэж байвал юутай сайн.
Хэн нэгэнд ”унатлаа ”дурлаж, бие биедээ соронзон мэт татагдаж, нэг ч өдөр бие биенгүйгээр байж чадахгүй болохоороо гэрлэж өөрийн амьдралаа босгоно. Тэд гэртээ орж хаалгаа хааснаас хойш тэдний дотоод асуудал болон амьдралд нь хэн ч оролцох эрхгүй. Тэр л гэрийн хаалга тэдний ашиг сонирхол, хувь араншин, дур зоргоороо байх хүслийг нь бусдаас хамгаалан хязгаарлаж байдаг юм. Гэртээ өөрийн дураар байж байтал хэн нэгэн хаалгыг нь тогшиж зөвшөөрөл авалгүйгээр орж ирээд, тэдэнтэй яг адил байхыг хүсч шаардах ахул хэн ч дуртай байх билээ. Бусдын амьдралыг бусдад үлдээж бай. Бүү шүүмжлэн хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргахыг оролдож бай. Бидний ”Бусдын хэрэгт дурлах” муу зуршил олон залуусыг салгаж, амьдралыг нь сарнииулж, хайрыг нь унтрааж, итгэл найдварыг нь мөхөөж байдаг. Та өөрийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулах хүсэлгүй бол тэд ч яг л тан шиг хүсч байдаг юм шүү дээ. Та алдсан ч оносон ч өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байгаатай адил тэд ч бас тэгж хүсч байгаа. ”Өөрийн толгой дээрх бухлаа олж харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад” байх хэрэггүй. Бусад хүмүүсийн амьдралын асуудал нь олон нийтийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээгүй л бол хэн нэгэн оролцох шаардлага ч үгүй. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 10
... Монгол агуу их дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг,илжиг модон хударгандаа дуртай,нохой хозлуулсан эзэндээ янаг гэдэг шиг гилжигнэн дагаж, тал засан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн юм биш үү...