Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

САНЖААСҮРЭНГИЙН Зориг

2014 оны 10 сарын 2
1962.04.20 -1998.10.02
Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд буцаж явна. Сэтгэл нэг л гунигтай. Гуниглахын учир гурван зүйлийн бодол эргэлдэнэ.

Нэг.
С. Зоригийн хөшөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга цэцэг өргөж байна. Тэд цул хөх ардчилагчид. Төрийн гурван өндөрлөг тэр чигээрээ, бас төрсөн дүү нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сайд. Засаг, хүчний байгууллага бүгд тэдний гарт. Гэтэл яагаад С. Зоригийн хэрэг илрэхгүй байна. Төрийн гурван өндөрлөг хөшөөнд цэцэг өргөх нь төрийн хүндэтгэл. Гэвч иргэд бид тэднээс цэцэг төдийг хүлээсэн гэж үү? Чухамдаа ардчилагчид төрийн эрх мэдэл авуут юуны өмнө С. Зоригийн аллагыг илрүүлнэ гэж хүлээсэн. Өмнө нь эрх мэдлийг бүрэн аваагүй гэж гоншигнодог байсан. Эдүгээ тэдэнд тэгж хэлэх эрх даанч алга. Ардчилагчид төрийн бүх эрх мэдлийг атгаж буй энэ алтан үедээ өөрийн удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн аллагын захиалагч хийгээд гүйцэтгэгчдийг олж тогтоож, ард олонд энэ хэргийн учрыг тайлж чадах эсэх нь тэдэнд итгэх эсэхийн эцсийн шалгуур мэт санагдана.

Хоёр.
Монголын ардчиллын удирдагч Санжаасүрэнгийн Зориг 1962.04.20-нд төрсөн. Тэрбээр 1998.10.02-нд бусдын гарт хэрцгийгээр алуулсан. Гэтэл ардчиллын удирдагчийн төрсөн өдрийг бус “төхөөрүүлсэн” өдрийг Төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд хүртэл юунд дэвэргэн тэмдэглэнэ вэ? Нэг талаас С. Зоригийн аллагыг энэ цаг үеийнхэнд сануулах сүрдүүлэг мэт. Эсвэл улс төрийн аллага хийх итгэлийг сурталчилаад байгаа мэт. Хэн нэг нь улс төрийн аллага хийвэл хэзээ ч илрэхгүй байж болох мессежийг нийгэмд түгээх хэрэгсэл нь 10-р сарын 02-ны өдөр болчихоод байна. Энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д. Төмөр-Очир, С. Зориг алагдсан. Хоёулаа илрээгүй. С. Зоригийн төрсөн өдөр 1962.04.20-нд түүний хөшөөнд цэцэг өргөе. Төрийн гурван өндөрлөг иртүгэй. Түүнд хайртай бүхэн цуглатугай. Алагдсанд нь бус амилсанд нь хүндэтгэл үзүүлтүгэй.

Гурав.
С. Зоригийн аллагыг сонгууль дөхөхөөр л шоу болгохыг болиулмаар байна. Ноднин Ерөнхий сайд л хөшөөнд цэцэг өргөсөн байх. Энэ жил гурвуулаа ирэв. Түүнийг нь хүмүүс улс төрийн нүдээр харав. Сонгууль дөхсөнийх гэж шинжив.С. Зориг хөшөө болоод 16 жил болов. Аллагын эзэд хэн бэ? Энэ хөшөөнд цэцэг өргөгсөдийн цуваанд тэр алуурчин гэмгүй царайлан яваа гэж бодоход дотор арзагнана. Алуурчныг илрүүлж чадахгүй төрийн ялзралыг санахаас бөөлжис цутгана. С. Зориг бол үндэсний баатар мөн. Эх орныхоо газар шороо, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг хөшөө болгочихоод хөсөр хаяж болно гэж үү. Түүнд Улсын баатар цол нэхэн олгоё.
Ү. ХҮРЭЛБААТАР
2014.10.02. 12 цаг 10 минут
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан