Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.23
11
Өдөртөө
3
Шөнөдөө

“ТОЛГОЙ”-г олборлох тойм зураглал

2014 оны 11 сарын 4
    Эртнээс олборлосон  Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой, за тэгээд занар, хий, газрын тосны гээд, эрдэнэсээ ил xаруулдаггүй, гэхдээ хайж олж чадвал баялгаар дүүрэн байдаг олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.

Харин би өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өөр нэг толгойг хэрхэн олборлож, улсын эдийн засгийн нэгээхэн тулгуур болгон хөгжүүлж болох тухай урлагийн болон IT салбарынхны xүрээнд хэдэн жил тус тусдаа яригдаж байгаа мөрөөдөл таамаглалуудыг нэгтгэн дүгнэж, тоймлон зураглаxыг оролдоx гэж байна.

Энэ толгой бол шавхагдашгүй баялаг болох бүтээлч санаагаар дүүрэн Монгол xүний ТОЛГОЙ.

Монгол хүний бүтээлч толгойг социалист системийн үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм. Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар 1000 дахин давтан байж социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, Монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж.

Тэр үеэс л оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замын тухай  тоймлон зураглах гэж оролдьё. Ингэхийн тулд эхлээд бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу юм, бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбараас юугаараа ялгагдах юм гэдгийг товч танилцуулъя.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ?

Юуны түрүүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдэн авъяастай хүмүүсийн бүтээлийн цуглуулга биш, харин улс орны эдийн засагт багагүй хувь нэмрээ оруулдаг бүхэл бүтэн салбар болон хөгжсөн эдийн засгийн ойлголт ажээ. 
 
Дэлхийн хэмжээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэxүүн үйлчилгээний жилийн орлого 2011 оны байдлаар 624 тэрбум ам.долларт xүрсэн нь 2002 оны үзүүлэлтийг 2 нугалсан үзүүлэлт болж, энэ xугацаан даxь жилийн дундаж өсөлт нь 8.8 xувь болсныг НҮБ, ЮНЕСКО, Дэлxийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон олон улсын xудалдааны төвийн (ITC) xамтран гаргадаг “Дэлxийн бүтээлч эдийн засгийн 2013 оны тайлан”-д онцлон дурьдсан байна.  Хөгжиж буй орнуудын xувьд өсөлтийн үзүүлэлт бүр ч өндөр, дунджаар 12.1 xувьд хүрсэн байна. Энэ хурдаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн үнэлгээ 2020 он гэхэд 3 их наяд америк долларт хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийжээ.

Тэгэхээр юу үйлдвэрлэдэг, ямар салбар болоод энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбар гээч нь ингэж их хурдтай өсөөд байна вэ? Түүнд яг юу юу багтдаг юм бэ?

Үүнийг олон судлаачид маш олон янзаар тодорхойлох гэж оролдсон байдаг. Тэдгээрээс Их Британы засгийн газрын Соёл, хэвлэл, спортын яамны тодорхойлолтыг хамгийн дөхүү тодорхойлсон гэж үздэг. Тэр тодорхойлолтоор бол

“Бүтээлч үйлдвэрлэл (creative industry)  гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх чадвартай үйлдвэрлэлийн салбаруудыг бүхэлд нь нэрлэнэ”
гэжээ.

Шинэ тутам салбар учраас үг хэллэг нь нэг л чихэнд наалдахгүй байгаа биз? Энгийнээр хэлье: Урлагийн салбар гэдэг бол үндсэндээ агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь масс үйлдвэрлэлд оруулан, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:

Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл

гэж томъёолж болохоор байна. Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар Монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт олон зүйл багтана. Хуучнаар телевиз, кино, хөгжим, тайз дэлгэцийн урлаг, хэвлэл, радио голлодог байсан бол, одоо нэмээд зар сурталчилгаа, архитектур, дүрслэх урлаг болон эртний эдлэл, баримал, бүх төрлийн загвар, дизайн, видео болон гэрэл зураг, софтвайр, компютер тоглоом, апликешнүүд, цахим хэвлэл зэргийг хамруулан үздэг болсон байна.

Эдгээрээс ихэнх нь тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл ҮГҮЙ.

Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Баяр ёслол дөхөхөөр, эсвэл оюутан сурагчид цуглахаар  баахан дуучид концертоо хийх гээд өөрсдөө нүүрээ улалзуулан байгууллага хэсч, билетээ борлуулж яваа харагддаг.

За киночид бол ерөөсөө л зуны дулаан цагт багтааж зургаа дуусгах гээд л бүгд хээр гарчихна. Нөгөө жүжигчид нь тэлээтэй хурга шиг хэд хэдэн киноны зураг авалтыг зөрүүлэх гэж бөөн юм болно. Зураг авалтын студитэй бол барилгын улирал шиг заавал зун гэж шавахгүй байхгүй юу. Тэгээд ингэж чихэлдэн, яаран сандран хийсэн кинонууд нь намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас голдуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад, няцаж өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна. 

Яагаад Монгол толгойноос гарч буй Монгол агуулга үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?

Бяцхан түүх сөхье. 1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм. Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм.

Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л Монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчууд чинь 90-ээд оны үед барууны ертөнц гэдгийг огт мэддэггүй, таг хаалттай байлаа шүү дээ. Тэгээд хулгайгаар дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдийг үзэж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдөр Монголын хэрэглэгчид бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй Монгол толгой болон түүнийг олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээгдэхүүнүүдтэй зах зээлд өрсөлдөхөөр шууд дэвжээн дээр гарах болсон. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй Монголын бүтээл үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж элгээрээ тэрийн унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноосоо олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн ашиггүй, төсөв залгигчид гэж хардаг. Уулзая учиръя гэхээр мөнгө гуйх гэж байна гээд бараг сургаар нь зугатна. Юун эдийн засгийн салбар гэж хүлээн зөвшөөрөх...

Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, Монгол агуулга, Монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ. Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.

    -Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, “манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн, эсвэл бүүр эсрэгээрээ тэнгэр дээд заяатай, тусгай төрчихсөн гэхчлэнгээр хэт дөвийлгөн хийрхсэн сөрөг хандлага давамгайлж байна.
    
    -Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд “шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна. Бүр хууль тогтоох түвшинд ч гадны хуулийг хагас дутуу орчуулаад л хуулчихдаг...
    
    -Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсоны дараа бүх түвшний сургалтын ситемд агуулгын хоосон орон зай үүсчихсэн. Түүнийг нь сурах бичигт өөрчлөн бичих гэж мунгинаж байх хооронд хүүхдүүд үе үеэрээ анги дэвшээд л, төгсөөд байдаг... Ядаж энэ чухал ажлыг төр хэмээх хамгийн муу менежер удирдаж өдий хүрснийг хэлэх үү... Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.
    
    -Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг “чөтгөрийн эргүүлэгт” оржээ.
    
    -Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, юм л бол манай тал, дайсны тал болчихсон талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр мянга хөгжил дэвшил яриад нэмэргүй болж эхэлж байна. Үе үеийн шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр тэр бүр анхаарч байсангүй, гал унтраах төдийхнөөр л явж ирлээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж. Тэдний гол бай нь голдуу улс төр, бизнесийнхэн. Хэсэг хугацаанд үнэн худал мэдээллээр балбуулсны эцэст тэд арга буюу хэвлэлийнхэнд хүссэн төлбөрийг нь хийнэ.

Монголд 60 гаруй телевиз, хэдэн зуун сайт амжилттай ажиллаад байгаа нь нэг талаас  Монголчууд оюуны зах зээлд хүчээ үзэх сонирхолтой байгааг харуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг, эд чинь оюуны хөдөлмөрийн зах зээл дээр бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд л бизнес шүү дээ. Дэмжлэг байхгүй бол тэд өөрсдөө санаачилгыг гартаа авч, янз бүрийн гэрээ хэлцэл санал болгох нь ойлгомжтой.  Хүлээн зөвшөөрөхгүй нэгнийг нь тэгсгээд хөөрхөн шоглоод байхаа ч тэд бас мэднэ.

Харамсалтай нь хэрэглэгчид энэ бүх цаад учрыг нь мэдэхгүй тул хэвлэлийнхний шоглоомд бухимдаж, үнэн худал мэдээллээс нь болж итгэл алдран, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт, даралт давамгайлж байна.

1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

“...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийж махаа зулгааж олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй ...хэмээн тайлбарласан юм.

Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай хүн бүр хэлдэг. Олон чадалтай студи байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил зөвхөн улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.

Нэгэнт төрөөс дэмжихгүй нь тодорхой, дотоодын банкууд зээл өгдөггүй, ивээн тэтгэх компаниуд хямралтай байгаа болохоор бүтээлч Монгол толгойнууд зүгээр сууж чадахгүй, өөр шийдэл хайн, дор бүрнээ нэг төсөл зохиогоод ийш тийш гүйх болж. “Нохойн орон” киногоороо дэлхийн кино фестивалиудаас нийт 23 шагнал хүртсэн нийтлэлч, зохиолч Д.Төрмөнх “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах санаатай хаваржин зунжин хөөцөлдсөн ч, өнөөх л хууль эрх зүйн тогтолцооны гажгаас болоод ямарч амжилт ололгүй мухардсан тухайгаа саяхан бичсэн нийтлэлдээ гаслан өгүүлсэн байсан. Түүний санаагаар, “...соёл урлаг нь хувь хүнд зориулагдахаас илүү олон түмэн рүү чиглэдэг онцлогтой, үр нөлөө нь нийгэмд хандсан, олон нийтийн сайн сайхны төлөө зориулагддаг учраас түүнийг төрөөс их бага хэмжээгээр татаас өгч дэмжиж байх ёстой” гэсэн байсан.

Өнөөдөр ийм чиглэлд огт бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас цаашгүй байгаа болохоор бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр угааж байдаг ийм дүр зураг давамгайлсан нийгэмд өчнөөн барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үегүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн л үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь Монгол толгойг олборлож байж олдох Монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер хэв загвар байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм.
e78dd2_Cluster_wallpaper_x800
Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

    1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.
    
    2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн кластерын аргыг хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр,

Урлагийн хэмээгдэж байсан салбарыг эдийн засгийн салбар болгон өөрчлөх шилжилтийг хэрхэн үр дүнтэй бөгөөд хурдан хийх вэ?

1990 онд Монгол орныг социализмаас ардчилал зах зээл рүү шилжих гэж мунгинаж байхад, тэртээ Америкт Майкл Портер хэмээх эрдэмтний “Үндэстний өрсөлдөх чадварын давуу тал” бүтээл хэвлэгдэн гарч байжээ. Түүний энэ бүтээлд кластер хэмээх нэгэн шинэ нэр томъёо хэрэглэгдсэн байна. Уг тайлбарыг нь үзвэл 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үеэс эхтэй ч, эдийн засаг судлалд яг энэ үгээрээ хэрэглэгдэж байгаагүй ажээ. Майкл Портерын энэ бүтээлээс хойш дэлхийн олон орны засгийн газар үйлдвэрлэлийн кластерыг үндэстний хөгжлийн гол хөтөлбөрөө болгох болсон байна.

Майкл Портерын дүгнэснээр кластерын эдийн засаг нь өрсөлдөх чадварт 3-н янзын давуу байдлыг бий болгосноор хөгжлийн хурдыг эрс нэмэгдүүлдэг байна. Үүнд:

    1. Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ
    2. Шинэ санаачилга, инновацийг нэмэгдүүлнэ
    3. Тухайн салбарт шинэ бизнесийг өдөөн урамшуулна.

Түүний бичсэнээр үйлдвэрлэлийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэвэл кластер бий болгосноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх болсноор өртөг багасна хэмээжээ. Үүн дээр нэмээд шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь кластерийн гол ач холбогдол хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна.

Жишээлбэл, Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна. Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр кластер нь нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болохыг хэлдэг байна.

Дэлхийд танигдсан кластерын амжилттай жишээг дурьдвал:

    -Холливуд дахь америкийн кино үйлдвэрлэл
   - Лондонгийн Сохо дүүрэг дэхь post-production үйлдвэрлэл
   - Парис дахь загварын үйлдвэрлэл
    -Лас Вегас дахь мөрийтэй тоглоомын кластеруудыг нэрлэж болно. Тэгвэл,

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу “толгой”-г олборлох тойм зураглал ямар байх вэ?

Үүнийг бид өнөөх Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.
a641e2_Cluster_final_x800
“Нэг хүний болон нижгээд бүлгийн бүтээлч сэтгэлгээ нь бүтээлч үйлдвэрлэлийн гол түлxүүр xөдөлгөгч xүч нь бөгөөд энэ нь 21 дүгээр зууны улс үндэстний жинxэнэ баялаг нь болж байна” гэж “Дэлxийн бүтээлч эдийн засгийн тайлан”-д онцлон тэмдэглэжээ.  Тэгвэл, Монгол Улс өөрийн үндэстний жинхэнэ баялгаа хэрхэн бий болгох вэ?

Бүтээлч эдийн засгийн салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн кластерын давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 100-аад жижиг голдуу студи энд тэндэхийн байрны нэг давхар ч юмуу, байгууллагын нэг булан, зарим нь подвал голдуу хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг кластер болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студиуд барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 100-аад жижиг студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан камер хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг. Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 5 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино. Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий. Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан үйлчилгээ явуулдаг хуулийн фирмүүд үүсэн бий болно. Ийм ч учраас кластерын бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

Эдийн засгийн кластерын тусгай бодлого явуулснаар бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизм бий болгох шаардлага тулгарна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хуучин социалист үеийнх шиг төрийн байгууллагын дэргэд сан байгуулбал шууд дампуурдгийг манай хойд хөрш Орос оронд байгуулсан төрийн сангийн бүтэлгүй жишээ харуулна. Тэрхүү сан нь жилд 3,7 тэрбум рубль зарж киночдод төрийн дэмжлэгийг үзүүлэх ажил эрхэлдэг ч, санд буцаж орж ирэх орлого нь байнга буурч байгаа тухай нийтлэлч Д.Төрмөнхийн дээр дурдсан нийтлэлд өгүүлсэн байсан.

Эндээс бас нэг сургамж гарч ирнэ. Кластерын бүрэлдэхүүнд ордог энэ олон хэсгүүдийг цогцоор нь авч үзэхгүй, салгаж, зөвхөн киног нь, зөвхөн загварыг нь, зөвхөн аялал жуулчлалыг нь, зөвхөн IT-г нь ч гэдэг юмуу.., ингэж сугалж авч дэмжвэл үр дүнгүй гэдгийг ОХУ-ын жишээ харуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

Кластерын салшгүй хэсэгт орох нэг томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг. Эднийг кластер богтлон, нэгдор оруулснаар нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг кластер л бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм. Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгохын тулд,
   
Улс төрийн ямар шийдэл гаргаж, алсын хараатай ямар бодлого баримтлах вэ?

Юуны түрүүнд мэдээж хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн бодлого чухал. Тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийг нэгтгээд дараах гурван суурь бодлогыг бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болгон хэрэгжүүлж болох юм.
 
1. Хүний нөөцийн мэдлэг чадварыг хөгжүүлэх бодлого.

Сингапурт амжилттай хэрэгжсэн кластерын туршлагаас харахад, 1990-ээд оны эхнээс Сингапур нь дэлхийн томоохон  IT компаниудад тус улсад салбараа нээхэд нь татварын онцгой нөхцөл тавин олноор нь оруулж ирсэн байдаг. Үүнтэй яг зэрэгцээд их дээд сургуулиуддаа бүтээлч үйлдвэрлэлийн тусгай ангиудыг нээж, IT салбарт ирээдүйд манлайлах мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх бүх түвшний сургалтыг төрийн онцгой дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх улс төрийн шийдвэрийг эхэлж гаргаад, түүнийгээ алсын хараатай зорилт болгон тавьсан байна. Тэгээд яг тэр чиглэлийн бодит үйлдвэрлэлийг гадны хөрөнгө оруулалтаар эхлээд оруулж ирнэ. Мэдээж тэнд нь гадны мэргэжилтнүүд өндөр цалингаар ажиллаж, Сингапур ажилчид хямдаар туслан ажиллана. Энэ хооронд өнөөх их дээд сургуулийн дэргэд шинээр нээсэн салбаруудад нь ирээдүйд тэрхүү үйлдвэрийн ажлын байрыг эзлэх, улмаар бүтээлч үйлдвэрлэл болгон өргөтгөх чадамж бүхий хүний нөөц бодлоготойгоор бэлтгэгдэж эхэлсэн байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын байрны нээлттэй зар явахад өнөөх бэлтгэгдсэн хүмүүс нэг нэгээрээ түүнийг нь эзэлсээр өнөөх үйлдвэр үндэстний өндөр мэргэжилтэй ажилчдаар дүүрч, улмаар өөрсдийн онцлогоор өргөжүүлэн хөгжүүлснээр бодит амжилтанд хүрчээ. Тэгэхээр Сингапурт амжилттай туршигдсан энэ мэт сайн жишээг Монголд нутагшуулах бүрэн боломжтой юм.

2. Дэд бүтцийг бий болгох бодлого.

Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүтээлч үйлдвэрлэлийн кластерын үндсэн баазыг барьж байгуулахад татах бодлого юм. Хотын захын аль нэг дүүрэгт, эсвэл түрүүн жишээ болгон татсан Майдар хотын нэг дүүргийг тэр чигт нь бүтээлч үйлдвэрлэлийн кластер болгоно гэж зарлаад, тэр бүсд хөрөнгө оруулалт хийвэл өөр бусад байгууламж барьснаас хамаагүй илүү хөнгөлттэй зээл, татварын таатай орчин амлавал гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн сонирхож болох талтай. Урд хөрш Хятад улс энэ тал дээр маш эрчимтэй бодлого явуулж байгаа. Төрийн өмчит Ванда групп 2010 оноос архитекторын өндөр шийдэл бүхий зочид буудал, кино театрын сүлжээ, зураг авалтын студиуд, театр, караоке төвүүд зэрэг аялал жуулчлалын цогц орчин бүхий хот дүүргийг бүхлээр нь барьж байгуулахад 31 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Одоо түүний жилийн орлого нь бараг анхны хөрөнгө оруулалттайгаа дүйх дайны буюу 20.8 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Тус группын гүйцэтгэх захирал Занг Лин хэлэхдээ “...үйлдвэрлэлийн уламжлалт бусад салбарыг бодвол бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь хүмүүст ажлын байрны таатай орчин, өндөр цалин, жендерийн тэгш байдлыг бий болгохоос гадна хотын соёлыг төлөвшүүлж, нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, улмаар байгаль орчныг сүйтгэх биш сэргээн дээшлүүлдэг сайн талтай учраас бид энэ салбарт хүчтэй хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм” хэмээн мэдэгдсэн байдаг.

Дэд бүтцийг бий болгох бодлогын хүрээнд заавал хийх ёстой бас нэг ажил нь өнөөх оюуны өмчийн лиценз олголт, борлуулалт, хамгааллын бүхэл бүтэн зөөлөн дэд бүтцийг бий болгох явдал. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд, энэ чиглэлд ажиллах хуульчдыг мэргэшүүлэх гэх мэт шат дараатай олон ажил энэ хүрээнд хийгдэх учиртай.
Авч хэрэгжүүлэх гурав дахь том бодлого нь,

3. Бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжин таниулах бодлого.

Нийгэмд бүтээлч үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөө, зорилт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан таниулах, урлагийн салбарынхныг кластерын бүтцэд багтах бусад олон салбаруудтай холбох, санаагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүх талаар нээж өгөх, бүс нутгийн болон олон улсын хэмжээн дэхь уулзалт, зөвлөгөөн, харилцан яриаг өдүүлэн өрнүүлэх, урлагийн салбарынхны “arts for arts’ sake” буюу урлагийг урлагийн л төлөө хийдэг гэсэн ашгийн төлөө биш сэтгэхүйг өөрчлөх бодлогыг энэ хүрээнд тууштай явуулах хэрэгтэй.

Тэрнээс гадна хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг өөрчлөх нь хамгаас чухал. Өнөөх л “...за монголчуудаас дэлхийн хэмжээний ашиг олох санаа бүтээл гарах нь юу л бол” гэсэн үл тоомсорлосон, үл итгэсэн, үгүйсгэсэн хандлагыг давж гарч, монгол толгойноос “хайгуул хийхэд” хөрөнгө оруулалт татна гэдэг студийн барилга барихад хүн ятгахаас хамаагүй хэцүү хэсэг нь байх болно. Гэхдээ энэ хэсгийг жишээ нь эрдэс баялгийн хайгуултай жишин тайлбарлаж болох юм. Уул уурхайн хайгуул  хийдэг ганц өрөм л гэхэд тэрбум шахуу төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Тэр их үнээр тавьсан өрөм болгонд баялаг олддоггүй. Иймдээ ч хайгуул эрсдэлтэй бизнес. Үүнтэй адил бүтээлч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох монгол агуулгыг монгол толгойноос хайж олоход багагүй хөрөнгө оруулалт эхлээд шаардагдана. Тэнд мөн л адил эрсдэл бий. За хайж олоод нэг сайхан санааг цааш хөгжүүлэх боллоо гэхэд дээр дурьдсан бодлогуудыг бүрэн хэрэгжиж хангалттай хүний нөөц бүрдэх хүртэл, бид уул уурхайн нарийн мэргэжилтнүүдийг өндөр цалингаар одоо авчирч ажиллуулж байгаа шигээ, бүтээлч үйлдвэрлэлийн нарийн мэргэжилтнүүдийг эхэн үедээ өндөр үнээр авчирч ажиллуулах ч хэрэг гарна.

Хамгийн гол нь байгалийн баялаг бүхий толгойг олборлоход байгаль нь өөрөө сүйтгэгдэж, мөнгөөр хэмжишгүй муу үр дагаварыг ухсан газраа үлдээж, нөхөн сэргээх гэж ахиад зөндөө хөрөнгө оруулалт шаарддаг бол, монгол толгойг олборлох үйлдвэрлэл нь нийгэмд мөнгөөр хэмжишгүй асар их эерэг үр дүнг үлдээхээрээ давуу талтай.

“Бүтээлч болон соёлын үйлдвэрлэлээр манлайлуулсан xөгжил нь тухайн улс оронд зөвxөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгэмд шинэ санаа теxнологийн дэвшилийг үргэлж танилцуулж, мөнгөөр үнэлэшгүй соёлын эерэг нөлөөллийг нийгэмд өгч байдгаараа давуу юм” гэж “Бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн тайлан” дүгнэн бичсэн байна. Өөрөөр хэлбэл бүтээлч үйлдвэрлэл нь xөгжлийн явцдаа xүмүүсийг өөрсдийг нь xүчирxэгжүүлж байдаг. Ийм ч учраас бид Монгол улс эрдэс баялгаар дүүрэн толгойнуудаа уралдан олборлохтой зэрэгцүүлэн Монгол хүнийхээ бүтээлч толгойноос баялаг олборлох бодлогыг даруй явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

Кластерын дэд бүтцийг барихтай холбоотойгоор ҮХААЯ, БХБЯ, соёлын үйлдвэрлэлтэй холбоотойгоор ССАЖЯ, зохиогчийн эрхтэй холбоотойгоор Оюуны өмчийн газар, олон улсын харилцаатай холбоотойгоор ГХЯ, хөрөнгө оруулалттай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам, боловсрол сургалт инновацийн бодлоготой холбоотойгоор БШУЯ гээд маш олон оролцогчийг шаардсан, он дамжсан алсын хараа бүхий цогц бодлого чухал учраас энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчийн, эсвэл Их хурлын дэргэдэх байгууллага болгон эхлүүлж болох юм. Институцийн хувьд мэргэжлийн холбоодуудаар удирдуулсан олон нийтийн компани байж болох санааг Их хурлын даргын зөвлөх Буянцогтоо дэвшүүлэн гаргаад байгаа. Дашрамд дурьдахад энэхүү лекцийн санаа хөгжүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Урлагийн зөвлөлийн захирал Ариунаа, Нирун филмийн найруулагч Батсайхан, нийтлэлч, кино зохиолч Д.Төрмөнх, Монгол кино компанийн захирал Золбаяр, УИХ-ын даргын зөвлөх Буянцогтоо, Үндэсний телевизийн найруулагч Энхболд Эрдэнэпүрэв нарт талархлаа илэрхийлье.

Миний төсөөлж буй зураглалаар бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлснээр дараах давуу байдлууд бий болно. Үүнд:

    -Орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн кластерыг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндсийг тавина.

    -Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ.

    -Олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, эерэг бодлын хэв маягтай болно.

    -Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санааг олон нийтэд хүргэж ойлгуулснаар хүсэл, мөрөөдөлтэй болно. Нөгөө америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөлтэй ирээдүйг бид хүсч байна.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч, ерөнхийдөө улсын эдийн засаг сайжрах байх гэсэн далд горьдлого олон нийтийн дунд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, сайн сайхан руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл сэтгэлийнх нь мухарт байсаар байна. Энэ ч хэмжээгээрээ сонгуулиас сонгуульд шийдвэр гаргагчид, улстөрчдөд тэд итгэл найдлага тавьсаар ирсэн. Харин одоо өөрсдийнх нь толгойд хөрөнгө оруулж, өөрсдийнх нь толгойг олборлож, өөрсдийнх нь толгойноос баялаг үйлдвэрлэснээр тэдэнд шинэ хүсэл эрмэлзлэл, шинэ соёл, шинэ хандлагыг бий болгох боломжийг санал болгосон тойм зураглалыг товчлон  танилцуулахад ийм байна.

Бид дэлхийд гайхуулах түүхтэй. Монгол орон бүтээлч үйлдвэрлэлийн аль ч салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх магадлал өндөртэй, авъяаслаг толгойгоор дүүрэн орон. Гагцхүү түүнийг олборлож хөгжүүлэх нь алсын хараа бүхий тууштай бодлогыг шаардсан амар биш зорилт ч, бид эдийн засагт бүтээлч үйлдвэрлэл хэмээх цоо шинэ нэгэн салбарыг бий болгон хөгжүүлэх тухай өнөөдрөөс эхлээд орон даяар дэлгэрүүлэн ярьж эхэлье. 47 жилийн өмнөх 9 дүгээр сарын 27-ны энэ өдөр Монгол айлын хойморт зурагтай радио буюу телевиз гарч эхлэн, нийгмийн соёлын хөгжилд нэгэн шинэ дэвшлийг авчирч байсан шиг, монгол толгойноос гарах монгол агуулгыг кластерын аргаар эдийн засгийн шинэ салбар, үйлдвэрлэл, баялаг болгон хөгжүүлэх шинэ түүхийн эхлэл нь энэ өдөр байг!!!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ц.ОЮУНДАРЬ

2014.09.27



Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан