Онцгой байдлын ерөнхий газрын даргын батлагдсан удирдамжаар Дархан-Уул аймагт “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагаа” сэдэвт команд штабын сургуулийг 4 үе шаттай зохион байгуулж 91.4 буюу “САЙН” үнэлгээ авлаа.
Энэхүү команд штабын сургуульд Эрүүл мэндийн албанаас штабын 13, мэргэжлийн 7 ангийн 40 нийт 53 томилгоот бүрэлдэхүүн оролцов.
Газар хөдлөлт, хүчтэй шороон ба цасан шуурга, үер, химийн аюултай ба хорт бодис алдагдсан нөхцөл, мал амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдлыг үнэлэх, шуурхай арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр төлөвлөгөөний төслийг боловсруулж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийсэн ба бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч шийдвэр гаргах талаар бүлгийн дадлага ажлыг хийж гүйцэтгэв.
Мөн газар хөдлөлтийн цагийн байдал зарлагдаж, нэрвэгсдийг аврах, тусламж үзүүлэх тактикын сургуульд Эрүүл мэндийн албаны хээрийн эмнэлэг, эрэмбэлэн ангиалах, яаралтай тусламж, ариутгал халдваргүйтгэл, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт сурталчилгаа, хөдөлгөөнт эмийн сан, цус сэлбэх хөдөлгөөнт анги зэрэг мэргэжлийн ангиуд оролцож, үүргээ амжилттай биелүүллээ.
Сургуулийн үеэр Гамшгаас хамгаалах Менежмент, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй сэдвээр Гамшгаас хамгаалах алба, штабын удирдлагуудад чадавхижуулах сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан. Энэхүү сургалт нь Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр олон салбарын байгууллагуудыг хамтран ажиллах арга барилд сургасан, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотголыг бодитой хийх нөхцлийг бүрдүүлсэн үр дүнтэй сургууль боллоо хэмээн Эрүүл мэднийн яамнаас мэдээллээ.