Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар тус улсын www.thestar.com сайтад мэдээлсэн. Өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. “Хохирогч гэртээ гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан байна. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай. Магадгүй санаатай хүн амины хэрэг байж болзошгүй. Хэргийг нягтлан шалгаж байна” гэж Куала Лумпурын цагдаагийнхан мэдэгдсэн байна.
Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэв.
Хэрэг гарахын өмнө тэд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагч үзэж байгаа бөгөөд хамт байсан гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр болсон явдлыг мэдсэн бөгөөд өнөөдөр Малайз руу явахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)