Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт байрлах “Петровис” компанийн шатахуун түгээх станцад өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны шөнө Ө, М, С гэх залуучууд нүүрээ халхлан халдаж, орлогыг нь дээрэмдэхийг санаархсан ч амжилтгүй болсон. Гэхдээ түгээгч хоёр эмэгтэйг хөнгөн гэмтээж, зугтсан билээ. Тэд зугтахдаа түгээгч Д, Д нарын гар утсыг нь дээрэмдээд явсан аж.
Харин Цагдаагийн албан хаагчид дуудлага авсан даруйд шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг Дархан-Уул аймагт орогнож байхад нь илрүүлэн баривчилсан юм. Гэмт этгээдүүд бүгд Улаанбаатар хотын харьяат бөгөөд тэдэнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, тэдэнд Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан.
Шүүх хэргийг энэ сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарт тус бүрт нь 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/