Улаанбаатар хотын ажлын алба, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга, мэргэжилтнүүдэд “Епviroment and Creening Conservation Consultant” ХХК-ийн техник хариуцсан захирал Коёо Катахира үнсээр явган хүний замын хавтан хийж байгаа ажлын туршлагаасаа танилцуулсан байна. Цахилгаан станцын үнсээр хийсэн явган хүний замын хавтан нь борооны ус нэвтрүүлдэг, нарны туяагаар эргэж ууршин орчны чийгшилтийн тэнцвэрийг хангадаг давуу талтай бөгөөд хүн байгальд хоргүй нь Японы лабораториор батлагджээ. Японд энэхүү үнсээр цэцгийн сав хийж, хавтангаар нь байгууллагын гадна тохижилт, дэлгүүрийн өмнөх талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замыг тохижуулдаг аж.
Харин энэхүү хавтанг Монголд үйлдвэрлэж, хот тохижилтод ашиглаж болох эсэх туршилтыг “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн лабораторид турших юм байна. Коёо Катахира тус дулааны цахилгаан станцаас гарч байгаа хаягдал үнсийг газар дээр нь очиж үзээд “Хот тохижилтод ашиглах хавтан хийх боломжтой. Эхлээд Японд үнсэн хавтан хийдэг бүтээгдэхүүний орцыг Монголд байгаа эсэхийг судпаад, дараа нь туршилт хийж болно” гэсэн байна. Хэрвээ туршилт амжилттай болбол Монголын цахилгаан станцын хаягдал үнсийг Японд шинжлүүлэх ажээ. Дашрамд дурьдахад, хаягдал үнсийг ашиглаж эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй хог хаягддыг багасгах эерэг нөлөөтэй юм байна.