Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор Жакарта хотноо болж буй Ази, Африкын дээд хэмжээний уулзалтад үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын 75 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг Ази, Африкын улс орнууд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, сайн засаглал, тэгш хөгжлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломжтойг тэмдэглээд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үндэс суурь болсон Ази, Африкын Бандунгийн Бага хурал, Африкын стратегийн шинэ түншлэлийн зорилт, зарчмуудыг Монгол Улс бүрэн дэмжиж буйг илэрхийлэв.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн туршлага, сургамжаа бусад улс оронтой хуваалцах, олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, идэвхитэй үйл ажиллагаа явуулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг дэмжих зэргээр Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг сайд тэмдэглээд “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэн орохыг Ази, Африкын далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриаллаа.
Ази, Африкын Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн цуврал арга хэмжээнүүдэд нийт 100 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож байна. Ази, Африкын Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээ маргааш Индонезийн Бандунг хотноо болох төр, засгийн тэргүүнүүдийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөнө.