Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ц Алтай сумын Засаг дарга Б-тэй хамтран өөрийн сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газрын Цагаан эрэг гэх газарт хууль бусаар иргэдэд вольфром олборлохыг зөвшөөрч, тэднээс хураамж авдаг байсныг хууль хяналтынхан илчилсэн.
Засаг даргын уг үйлдлээс болж байгаль орчинд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг прокурор хянаж өнгөрсөн сард шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс хэрэгтэй танилцаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн хэмээн уг хэргийг буцаажээ. Тодруулбал, вольфром олборлосон иргэдээс байцаалт авах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тус нутагт 600 орчим нинжа ашигт малтмал олборлосон нь тогтоогджээ. Одоо харин тэдгээр хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авах ажил үлдээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/