Хөвсгөл, Завхан аймагт ой, хээрийн түймрийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан ихэнх голомтыг унтраагаад байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-ны 17:03 цагт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутагт “Чичин” хэмээх газар ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги болон сумын мэргэжлийн ангийн нийт 64 алба хаагч 6 автомашин, 20 мотоциклтойгоор 3 бүлэгт хуваагдан унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн өдөр 19:56 цагт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласнаар түймрийг дөрөвдүгээр сарын 27-ны 00:37 цагт цурамд оруулж, 12:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай шатсан байна.
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Ар намшир” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 27-ны 17:05 цагт ой, хээрийн түймэр гарсан дуудлага иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан баг ажиллаж, 20:57 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 17 га талбай өртөөд байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Нурангатын ар” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 27-ны 18:48 цагт гарсан ой, хээрийн түймрийг 36 алба хаагч, 3 автомашин, 7 мотоциклтойгоор унтраах ажиллагааг явуулжээ. Усны хомсдолтой нөхцөлд голоос 3-4 км зайд мотоциклоор ус зөөвөрлөн ажилласны үр дүнд дөрөвдүгээр сарын 28-ны 00:35 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 8 га орчим талбай шатсан байна. Холбогдох байгууллагууд иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ил гал гаргахгүй байх, асаасан галаа бүрэн унтраахыг анхааруулж байна.
















































