
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэгч Мэдээллийн технологийн үндэсний парк 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Үндэсний зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал удирдан явуулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ч.Номин болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцжээ. Оролцогчид мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон байна.
Энэ удаагийн хуралдааны онцлог нь Монгол Улсын Ерөнхий сайд 12 жилийн дараа Мэдээллийн технологийн үндэсний паркт зочилж, салбарын үйл ажиллагаатай танилцсан явдал байв.

Хуралдаанаар дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Татварын багц хуультай холбоотой хувийн хэвшлээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн, холбогдох төлөвлөгөөнд тусгах
- Мэдээллийн технологийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх
- “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийн үнэлгээг хийх
- Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загварыг батлах
Дээрх шийдвэрүүдийн хүрээнд виртуал бүсэд бүртгэлтэй компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн хуралдаанд оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд дараах саналуудыг дэвшүүлжээ. Үүнд:
- Хуулийн хэрэгжилтийг сайжруулах
- Салбарын хамрах хүрээг өргөжүүлэх
- Виртуал бүсэд бүртгэх компанийн шалгуур, ангиллыг тодорхой болгох
- Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх
Энэхүү өргөтгөсөн хуралдаан нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.
























































