
Ерөнхий сайд Н.Учрал-ын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлсөн. Үүний үр дүнд иргэд ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдээд байгаа юм.
Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш гудамж, талбайд жижиг худалдаа, үйлчилгээний цэгүүд, ялангуяа ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүд олноор нэмэгдэж эхэлжээ. Хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалттай холбоотой асуудал дахин хөндөгдөх болов.
Хотын дарга Х.Нямбаатар: “Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцсэн. Иргэдийн 90 хувь нь ТҮЦ болохгүй байна, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулдаг хэмээсэн. Ерөнхий сайдын "Чөлөөлье" аяны хүрээнд Нийслэлээс олгодог мэдэгдлийн шинжтэй 100 гаруй үйлчилгээг чөлөөлсөн болохыг би өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Тэнд ТҮЦ гэж нэг ч үг, өгүүлбэр байхгүй” хэмээн онцолсон юм.
Гэвч зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтжээ. Энэ нь бодлогын түвшинд ТҮЦ-ийг шууд зөвшөөрөөгүй атлаа практик дээр бизнесийн хэлбэр болгон нээлттэй үлдээсэн мэт зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгоод байна.
Т.Зузу


















































