
”Ачит Ихт” компанийн санхүүгийн баталгаа мэргэжлийн зөвлөгөөнд үндэслэн байгуулагдсан “Талын металл нунтаг” компани нь катодын зэс болон хоёрдогч эх үүсвэрийн зэсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох, дэвшилтэд технологи бүхийн монголын анхны нунтаг металлын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Энэхүү үйлдвэр нь дунд хугацаандаа машины жижиг эд анги үйлдвэрлэхийг зорьж Монгол Японы их дээд сургуулиудтай хамтарсан судалгаа хөгжүүлэлтийг хийж эхэлсэн байна.

Хайлуулалтын оператор З.Түшиг: Манай үйлдвэрийн гол бүтээгдэхүүн бол нунтаг зэс байгаа. Нэгдүгээрт, Зэсийн физик шинж чанар байгаа бактерийг сайн устгадаг учраас эмнэлзүйн салбарт ашиглагдах боломжтой. Хоёрдугаарт, инженерийн талаас нунтаг металлургийнхаа хүрээнд уламжлалт болон уламжлалт бус аргаар боловсруулж дараагийн шатны бүтээгдэхүүн хийх боломжтой. Мөн электроникийн боардууд дээр болон 3D хэвлэлд өргөн ашиглагдаж байгаа.
“Талын металл нунтаг” компанийн үйлдвэрлэж байгаа нунтаг зэсийг автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж компьютер, гар утасны чип зэрэг салбарт өргөн ашигладаг байна. Тухайлбал, нунтаг металлаар автомашины араа, хөдөлгүүрийн очлуур, хөдөлгөөн зогсоох наклад, цахилгаан дамжуулах сойз мөн автомашины чухал эд анги болох холхивч үйлдвэрлэдэг байна.

“Талын металл нунтаг” компанийн үйлдвэр нь байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг бөгөөд үйлдвэрт ашигладаг усны 90-ээс доошгүй хувийг цэвэршүүлэн дахин ашиглаж, хатуу хаягдалгүй технологийг нэвтрүүлжээ.




















































