
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Марафонд гүйх оролцогчид тавдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл ulaanbaatar.marathon.mn цахим хуудас болон Hipay аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөлд хамаарах 500 болон 800 метрийн зайн гүйлтийн бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Монголын тусгай олимпын хороо хариуцна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлтэд оролцохоор 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж, нийтийн дунд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих хандлага улам бүр идэвхжиж байгааг илтгэж байна.
Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна. Эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг бол гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг.
















































