
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэн хуулийн төсөл санаачилсан нь улс төрийг улайсгаж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай энэхүү төслийг нь яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хоёр хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь бараг л гишүүдтэй “барилцаж” авахдаа тулсан энэ төслийн зарим заалт яаж хэрэгжих нь асуудалтай болохоор тэр л дээ.
Ёс зүйгүй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахдаа намын жагсаалтаар сонгогдсон бол нэрийг нь дэвшүүлсэн намын саналаар, тойргоос сонгогдсон бол Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нь тогтоох агуулга төсөлд байгаа юм. Гэтэл ёс зүй гэж юуг хэлэх вэ гэдэг дээр гишүүд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа юм. Дээр нь ёс зүйн зөрчлийг хэн тогтоох вэ гэдэг дээр ч маш том асуудал үүсээд байгаа ажээ.
УИХ-ын гишүүдийн ёс зүйг тодорхойлж, эгүүлэн татах эсэхийг шийдэх Үндсэн хуулийн Цэц өөрөө ёс зүйтэй юу гэдэг асуудал урган гарч ирж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Өдгөө Үндсэн хуулийн Цэцийг даргалж байгаа Г.Баясгалан ямаршуу ёс зүйтэй хүн болохыг олон нийт бүгд харсан.
Төрийн онцгой чухал объектод ухаан мэдрэлгүй болтлоо архидан согтуурж, асуудал үүсгэж байсан нь сошиал орчинд өчнөөн тархаад байгаа. Ийм хүн тэгээд ажлын байран дээрээ архи ууж ёс зүйн зөрчил гаргасан гээд гишүүдийг эгүүлэн татах санал гаргаад байж болох уу? Дээр нь Г.Баясгалан дарга өөрийнх нь ноцтой зөрчлүүдийг нь далдалсангүй гэж Цэцийн Тамгын газрын даргыг Төрийн албаны хууль зөрчиж, шууд л албан тушаалаас нь чөлөөлсөн нь өдгөө асуудал үүсгээд байгаа юм байна. Дээр нь өдгөө УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Л.Өлзийсайханыг хүртэл илтэд шахаж байсан нь хүртэл олон нийтийн дунд яригдаж байсан сэдэв.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад бүтэн жил өнгөрч байгаа Цэцийн дарга Г.Баясгаланг яах эсэх нь тодорхой бус байгаа үед түүнд УИХ-ын гишүүдийн ёс зүйг тодорхойлох эрх өгөх нь зөв үү. Хамгийн гол нь гишүүдийн ёс зүйг тогтоох хүн нь өөрөө ёс зүйгүй гэдгээрээ нийгэмд бүхэлдээ танигдчихсан хүн байх үед шүү дээ!
А.Болдбаатар
























































