
Монгол Улсын хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Смарт Эко Транс” ХХК-тай холбоотой ноцтой асуудал хууль хяналтын байгууллагуудын анхаарлын төвд орж, шалгалтын ажиллагаа эрчимжиж эхэлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: “Уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлснээ мэдэгдэхдээ: Засгийн газрын түвшинд гарсан зарим шийдвэрүүд хууль зөрчсөн байж болзошгүйг онцолсон. Тэр дундаа Гашуунсухайт боомтын бүсэд хэрэгжсэн төслүүд нь ил тод сонгон шалгаруулалтгүйгээр нэг компанид төвлөрсөн нь анхаарал татаж байна” хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нь “Смарт Эко Транс” ХХК-д төрийн өмчийн 19.2 км авто замыг давуу нөхцөлөөр олгосон хэрэгт шууд холбогдож, Авлигатай тэмцэх газраас түүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн бөгөөд шүүхээс хилийн хориг тавьсан.
Тус компани хоёрхон жилийн дотор 95.7 тэрбум төгрөгийн ашиг төвлөрүүлсэн нь төрийн өмчийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан байж болзошгүй. Мөн Өмнөговийн Хаан банкны захирлаас засаг ноён хүртэл дэвшсэн Н.Энхбат төрийн ажлыг “Начны найраа” шиг санаж, хувийн ашиг сонирхлыг төрийн дээр давуулан хэрэгжүүлэв үү?
Т.Зузу




















































