МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ товлох гэж бужигнаж байна.

МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ товлох гэж бужигнаж байна. Зарим тойрог дээр урьдчилан ярьж байснаас өөр дүр зураг харагдаж эхлээд байгаа юм. Завхан аймгийн хоёр мандаттай тойрогт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нар нэр дэвшихээр зүтгэжээ. Гэсэн ч Удирдах зөвлөлийн гишүүд болон бусад нөхдийн тохиролцоогоор УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Завханы тойрогт нэр дэвшихгүй болжээ. Намын бодлогоор Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нарыг өрсөлдүүлэхээр өнөөдөр ярьсан гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Балдан-Очир гишүүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас ёс зүйгүй үйлдэл гарган баривчилсан, Ц.Нямдоржийг сайдын суудлаас огцруулах нь зүйтэй гэж нэг хэсэг эсэргүүцэж байсан. Гэсэн ч дараа нь намын бодлогыг дагана гэж “Ц.Нямдорж унтаагүй зүүрмэглэж байсан” гэх үгийг хэлж, чимээгүй болсон. Түүнд намаас нь тойрог амласан тул чимээгүй боллоо гэж зарим эх сурвалжууд хэлж байсан юм.