
С.Баяраас арай өөр шалтгаанаар Э.Бат-Үүл нэр дэвшсэнгүй. Тэрээр уг нь НИТХ-д нэр дэвшиж гэр хорооллын бүх газар иргэдийн хувийн хаус бариулах төлөвлөгөө гарган Улаанбаатар хотын Засаг дарга болохын төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байсан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар нийслэлд нэр дэвшигчид ажлаа өгөх ёстой байсан. Тэрээр ийм хуулийг баталсан мөртлөө ажлаа өгөөгүй байсан. Одоо УИХ-д ч үгүй, нийслэлийн сонгуульд ч үгүй болсон. Нөгөө байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг л болсон доо.
Уг нь С.Баярыг Сэлэнгэд, Э.Бат-Үүлийг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр эрхэмийг тойргоо сайн дураараа солих гэж байгаа тухай яриа газар авсан ч худлаа байжээ.
УИХ-д нэр дэвшээгүй С.Баяр, Э.Бат-Үүл хоёр улс төрийн хамгийн туршлагатай хүмүүс. Найзууд бас дайснууд. Адилхан дөчин мянгатынх. Адилхан "атаман" нэртэй байсан тухай дэл сул мэдээлэл байдаг.
С.Баяр бол ардчилсан намаар сайхан тоглоод өнгөрсөн хүн. Учир нь тэрбээр 2008 оны сонгуульд ялсан атлаа ялагдсан АН-ыг Засгийн газарт урьж оруулаад дуугай болгосон юм. Энэ үйл явдлаас болж АН-ын нэр хүнд ихээхэн унасан. Бас АН-ыг Засгийн газраас гарч явахад нэр хүнд нь ард түмний дунд дахин унасан нь судалгаагаар нотлогдсон байдаг. С.Баяр ингэж АН-ыг Засгийн газарт оруулж, дараа нь бас гаргаж хоёр удаа тоглочихоод байгаа. Бас АН Засгийн газрын хариуцлагаас бас хүлээлцэнэ. Ингээд үндсэндээ АН гурван удаа С.Баярт “тонгоруулжээ”. Түүний энэ стратегийн тоглолтыг АН-аас ганцхан хүн гал цогтой тэмцдэг. Энэ хүн бол түүний найз Э.Бат-Үүл. Тэрбээр С.Баярын бодлогын талаар “С.Баярын улс төрийн бодлого их адармаатай гэж хэлээд байна. Бид хоёр найзууд, хар багын найзууд. Гэхдээ бид хоёр улс төрөөр хэзээ ч таарч байгаагүй. С.Баяр миний улс төрийг зөвшөөрдөггүй, би С.Баярынхыг зөвшөөрдөггүй. Ер нь бид хоёр нийлэхээрээ улс төр ярьдаггүй. Харин С.Баярын Ерөнхий сайдаас, намын даргаас больсон шалтгаан нь үнэндээ эрүүл мэндээс болсон. Харин түүний үүсгээд бий болгочихсон улс төр ялангуяа манай намыг одоо болтол л хүнд байдалд байлгаж байна. Одоо болтол манай нам С.Баярын бий болгосон хавхнаас гарч чадахгүй байна. Энэ хавхнаас намаа гаргах нь миний үүрэг. Бусад улсын туршлагыг хараад байхад бусдын хөнжилд орсон нам ч их л хэцүү хувь заяатай тулгардаг юм билээ дээ” хэмээн сүүрс алдаж байжээ. Э.Бат-Үүлийн яриагаар бол хэзээ ч тэд улс төрөөр эвлэрч байгаагүй аж. Харин одоо хоёулаа улс төрөөс зэрэг явж байна. Хоёулаа нийгмийн зүтгэлтэн болохыг хүсч эхэлсэн. Эв нь таарвал хоёулаа 2013 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрөөдөлтэй. Гэсэн ч тэд үнийг ил тодоор хэзээ ч илэрхийлж байгаагүй юм. Өмнө 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-үүл өрсөлдөх гэж ихээхэн чармайлт гаргасан ч гэсэн Ц.Элбэгдоржид ялагдаж “бахиртлаа орилмоор байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Харин С.Баяр “Би өөрийгөө хэзээ ч тийм одонд төрсөн гэж бодохгүй байна. Надад ахадсан зүйл” хэмээн булзааруулсан юм.
Ийм хоёр эрхэм УИХ-д нэр дэвшилгүй тойргийн гадна үлдлээ. Харин хэзээ ч ард түмний анхаарлын гадна үлдэж чадахгүй.
24tsag.mn