
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилоод байгаа.
Гэвч шүүгдэгч нар дахин өмгөөлөгч нараасаа татгалзсан байна. Тиймээс өмгөөлөгчид нь мөн шүүгдэгчдэд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд “Өмгөөлөл үзүүлэхийг цуцалж өгнө үү” хэмээн хүсэлт гаргажээ.
Түүнчлэн хошууч генерал Ч.Амарболд болон хурандаа О.Зоригт нарын бие муу байгаа гэж Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар хэлсэн байна. Тэр дундаа хурандаа О.Зоригт хүнд хагалгаанд хоёр удаа орж, өнгөрсөн баасан гаригт дахин мэс засал хийлгэсэн учраас “Олон цаг үргэлжлэх шүүх хуралд оролцож, удаан хугацаагаар суух боломжгүй. Бие нь тааруу байна” гэжээ.