Башар Ал-Ассад Сирийн ерөнхийлөгч болсноос хойш ард иргэдийн эсэргүүцэлтэй багагүй тулгарч байна.

Башар Ал-Ассад Сирийн ерөнхийлөгч болсноос хойш ард иргэдийн эсэргүүцэлтэй багагүй тулгарч байна. Түүнийг огцрохыг шаардсан иргэдийг тэрбээр босогч хэмээн үзэж, галт зэвсэг хэрэглэж байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Хоула хотод 90 гаран хүний амь нас үрэгдсэн. Тэр дунд 30 гаруй гэм зэмгүй хүүхэд байсан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудад түгшүүр төрүүлээд байгаа юм. Энэ асуудлын талаар НҮБ-ийн дипломат төлөөлөгч Кофи Аннан Сирийн удирдагчтай уулзахаар Дамаск хотод очоод байна. Тэрбээр асуудлыг эвээр шийдэж, олон улс орон Сирийн эсрэг байгааг өөрчлөхийг зорьж байгаагаа хэлсэн юм. Сири дэх үймээнийг намжаах цорын ганц хүн гэж үнэлэгдэж байгаа Кофе Аннан “Маш их хохирол дагуулсан аймшигт явдал” гэжээ. Одоо Сирийн Засгийн газар энх тайван, эв найрамдал чухал гэдгийг харуулах зоригтой алхам хийх хэрэгтэй гэдгийг олон орны тэргүүнүүд анхааруулж байгаа юм. Энэхүү сөргөлдөөнийг зогсоохын тулд Сирийн Засгийн газар болон НҮБ-ын төлөөлөгчид хамтран ажиллах талаар энэ мөчид хэлэлцэж байна.