
Тэд хүүхдүүдтэй нэг хүсэл, нэг сэтгэлтэй байгаагаа илэрхийлэн дуулж бүжиглэн баяр дээр нь баяр нэмсэн бол рок, попын залуу дуучид, Хөгжим бүжгийн сургууль, Хүүхдийн ордны сурагчид шинэ уран бүтээлээ толилууллаа. Мөн 8-9 хүүхэд төрүүлж өсгөсөн Д.Долгор, Ж.Өөлд, М.Энхтуяа нарт Нийслэлийн 2012 оны “Ачлалт ээж” өргөмжлөлийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг нар гардуулж баяр хүргэв.
Их жанжны талбайд болж байгаа энэ өдөрлөгийн үеэр 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамтран урлаг, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн, үйлчилгээ, худалдаагаар хүүхдүүддээ бэлэг барьж байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэг ч хүүхэд, багачууддаа зориулсан арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа юм. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж, улс орны өнцөг булан бүрт хайр, аз жаргал, баяр хөөр дүүрэн хүүхдийн дуу цуурайтаж байна. Эх, үрсийн баярын энэ өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн төлөөллийг гэртээ хүлээн авч баярыг нь хуваалцлаа.
Эх сурвалж: opengovernment.mn