
Хүүхдийн баярын нээлт Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга С.Батболд, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Цогзолмаа нар хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэлээ.
Хүүхдийн амьдрал, хөгжлийн үндсэн орчин бол гэр бүл байдаг. Хүн бүхний амьдралын хамгийн амин чухал асуудлууд гэр бүлийн хүрээнд л өрнөж байдаг. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хүнлэг ёс суртахуунтай хүн болгон төлөвшүүлэх, хүүхдээ нас, бие сэтгэхүйн онцлогт нь тохируулан хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай гэдгийг Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ онцолсон.
Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх насны хүүхдийн 75 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэгт зориулсан мөнгө энэ 4 жилд 2,5 дахин нэмэгдэж, 91,6 тэрбум болжээ. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх ерөнхий боловсролын сургуулийн хүрээ өргөжиж, сургуулиудын мэргэжлийн багшийн хангалт 99,5 хувьд хүрсэн байна.
Саяхан болсон “Монголын хүүхдүүд” чуулганаар хүүхдүүд санал бодол, хүсэл тэмүүллээ илэрхийлж, “Хүүхдэд ээлтэй хот, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн баталсан. Үүнийг Засгийн газрын хүүхдийг дэмжих гуравдахь урт хугацааны үндэсний хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон юм.