Энэ долоо хоногт цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал товлогдсон. Өмнө нь таван удаа хойшилсон уг хурлыг энэ удаад болох болов уу хэмээн ард түмэн хүлээж байсан. Гэтэл хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муу гэх шалтгаанаар дахин хойшлов.

Энэ долоо хоногт цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал товлогдсон. Өмнө нь таван удаа хойшилсон уг хурлыг энэ удаад болох болов уу хэмээн ард түмэн хүлээж байсан. Гэтэл хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муу гэх шалтгаанаар дахин хойшлов. Гэхдээ цагдаагийн экс дарга нарыг яллах гэсэн нь тодорхой мэт болов. Учир нь хагалгаа хийлгээд 24 цаг ч болоогүй байсан Ч.Амарболдыг дусал хийлгүүлж байхад нь дуслыг нь хүчээр дуусгаж дамнуургатай, харин цээжээ зүсүүлж, зүрхэндээ хагалгаа хийлгэсэн О.Зоригт хурандааг тэргэнцэртэй нь машинд суулган цагдан хорих 461 дүгээр төвд аваачив. Өглөөний 07.00 цагаас эхлэн авч явахаар бүтэн есөн цагийн турш оролдсоор ийнхүү авч явсан юм.

Гэвч шүүхийн танхимд аваачсан хэрнээ шүүгдэгч нарын биеийн байдал муу гэх шалтгаанаар шүүгдэгч нарыг шүүхийн танхимд ч оруулалгүй шүүх хурлыг хойшлуулав. Харин хэд хоногийн дараа Сүхбаатар дүүргийн шүүхээс “Шүүгдэгч нар шаардлагатай гэж үзсэн эмчилгээ үйлчилгээг авсан. Тэднийг эмчилж буй П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир ирүүлсэн эмнэлгийн магадлагааг үзээд, Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих 461 дүгээр төвийн эмнэлэгт эмчилгээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн. Мөн шүүгдэгч Ч.Амарболдын гэр бүлийнхэн шүүхийн зөвшөөрөлгүй Ч.Амарболдыг сахиж байсан. Ирэх лхагва гаригт шүүх хурал болно. Тэдний биеийн байдал шүүх хуралд оролцож чадахгүй болтлоо муудаагүй байгаа. Тиймээс шүүх хурлын товолсон цагтаа явуулна” гэх мэдээлэл хийсэн юм.

Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал ийнхүү хойшилсон бол харин Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад холбогдох шүүх хурал Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд болж, түүний хэргийг цагаатгасан юм. Тэрээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс гурван жил, зургаан сар хорих ялаар шийтгүүлээд байсан билээ. Гэвч өнгөрсөн лхагва гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн, улсын харцага Г.Намсрайжавын хэргийг Баянзүрхийн дүүргийн шүүхэд хэлэлцэж, гурван сар нэг хоног баривчлахаар болсон билээ. Түүнчлэн түүнд зодуулсан цагдаагийн эмчилгээний зардлыг гаргуулахаар болов.