“Монголын бага олимп” гэгддэг Бүх ард түмний спортын XIII их наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, яам, тусгай газрын 6 спорт хороо гээд нийт 36 байгууллагын 5000 гаруй тамирчин 120 хоногийн турш өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга, хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо тасралтгүй түрүүлж 11 дэх түрүүгээ авсан юм. Тус хорооны 300 гаруй тамирчин уг спортын их наадмын 23 төрөлд өрсөлдөн нийт 88 алтан медаль, 73 мөнгөн медаль, 60 хүрэл медаль хүртэжээ. Амжилт гаргасан тамирчдыг БХЯ, ЗХЖШ, БТСГ-ын шагналаар шагнаж урамшуулав. Мөн “Зэвсэгт хүчин-олимп” сангаас “Лондон-2012” олимпид Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа, ОУХМ дэд ахлагч Д.Баяраа, Г.Жавзмаа нарын бэлтгэлд зориулж тус бүр 20 сая төгрөг олголоо.
