Улаанбаатар хотод мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах “Tissot Cup” тэмцээн өнөөдөр Морингийн даваанд зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд шар тивийн 10 орны тамирчид 85сс, 125сс болон ахмадын гэсэн гурван ангилалд өрсөлдөх юм. Монголын багийн тухайд гурван ангилалд нийт 12 тамирчин оролцохоор бэлтгэл хангагдаад байна. Харин мото спортын шилдэг тамирчин Э.Халиунболд, О.Ган-Од нар энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаад гэмтэл авч улмаар тэмцээнийг өнжихөөр болжээ. Уг нь Азийн 15 орны тамирчид уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан ч зарим нэг шалтгааны улмаас 10 орны мотоцикльчид хурд сорихоор болжээ. 2012 оны анхны гараа Филиппинд болсон бол залгуулаад Индонези, Кувейт болон Иранд ээлжит уралдаанууд болж, таван гарааны нийлбэрээр Азийн аварга тодрох билээ. Харин манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд тэмцээний ивээн тэтгэгчээр “Наран трейд” компани ажиллаж байгаа юм.


Д.Ундрах