Монгол лимбэний битүү амьсгааны урлаг буюу “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа”-г ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн батламжаа албан ёсоор хүлээн авлаа. Ийнхүү гардан авсан батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн харьяа төрийн түүхийн музейд хадгалуулахаар болсон байна. Энэхүү батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 11-ний өдрийн 15.00 цагт Үндэсний дуу бүжгийн эрмийн чуулгын концертын танхимд болох аж. Энэ үеэр битүү амьсгааны арга барилыг уламжлан авсан лимбэчид тоглолтоо сонирхуулах гэнэ. Сонирхуулахад, дэлхийн 133 улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц 2003 онд батлагдсан бөгөөд Монгол Улс уг конвенцод 2005 онд нэгдсэн орсон байжээ. Өдоогийн байдлаар ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д 10 орны 27 өв, “Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалт”-д 70 орны 232 өв тус тус бүртгүүлсэн тухай ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлсэн байна. 2008 оноос хойш манай улс нийт соёлын биет бус есөн өвөө ЮНЕСКО-д бүртгүүлжээ.
Д.Ундрах



















































