Дундговь аймгийн ШХ-ын тэргүүлэгчид гуравдугаар сарын 1 хүртэл малчдад туслах шуурхай хэсэг томилжээ. Эхний хоёр багийг аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нар ахлан, сумдад очиж ажиллав. Тус аймгийн нутгаар нэгдүгээр сарын дунд үеэс хойш байнга цасаар шуурч, цасны зузаан 10-60 см-т хүрч, шөнөдөө 27-32, өдөртөө 18-23 градус хүйтэн хонож байгаа аж. Одоо нийт нутгийн 40 хувь нь цагаан зудтай, 60 хувь нь зудархуу байна. Өлдсөн, осгосон мал цөөн ч хашаа хороонд тэжээж эхэлснээс хойш борлон, бяруу мэтийн бага насны 1500 гаруй мал дарагдаж үхсэн байна. Үүний зэрэгцээ эх мал олноор хээл хаяж байгаа бол хөлдүү бут идсэн мал чацга алдан, сульдаж эхэлжээ. Дундговийн нутгаар хамгийн сүүлд орсон цас байдлыг хүндрүүлсэн тул малчид малаа бэлчээрт гаргаж чадахаа байгаад өвөлжөөндөө тэжээж байгаа аж. Үүнээс болоод өвс, тэжээл хүрэлцэхээ байсан гэнэ. Сумдын аюулгүйн нөөц дундарч, заримынх нь дуусчээ. “Аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг худалдан авах бэлэн мөнгөгүй тул зээлээр өгөөч” гэж уулзсан малчин бүр хүссэн байна. Засгийн газрын тогтоолоор малчдад үнэгүй олгосон өвснөөс Дундговьд 100 тонн оногдсон гэнэ. Үүн дээр тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр аюулгүйн нөөцөөс 200 гаруй тонн өвс үнэгүй олгохоор болоод буй аж. Эдгээрийг сумдад хэрхэн хуваарилах, малчдын хотонд яаж хүргэхийг ажлын хэсгийн мэдээлэлд үндэслэн, аймгийн Онцгой комисс шийдэх юм байна.
Сэтгэгдэл (2)